Хэн юу хэлэв...
Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо
-Уран зураг сэргээн засварлах лабораторийг энэ оны IX сард нээнэ-
Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан.
Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм.
Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд байсан юм.
Эдгээр зургийг сэргээн засварлах төслийг амжилттай эхлүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь Герман улсын Элчин сайдын яаманд өнөөдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” гэрээ байгуулж, Герман улсаас 100 мянган еврогийн дэмжлэгээр Монголын уран зургийн галерейд уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулахаар болж байна.
Лабораторийг байгуулснаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах урлан бий болж гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлаж эхлэх юм. Цаашид энэхүү лаборатори нь улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлнэ гэж тооцож байна.
Мөн энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхжуулах явдал юм. Тиймээс уг төслийн хүрээнд галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын мэргэжилтнүүд 3 шатлалт цогц сургалтыг удирдан явуулж 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлнэ гэж төлөвлөж байна.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ёорн Розенберг Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр: “Соёлын өвийг хадгалан хамгаалах нь ямар ч улсын ард түмний хувьд маш өндөр ач холбогдолтой байдаг. Учир нь соёлын өв нь өөрийн орны түүхээ анхааран дээдлэх, орчин үе дэх байр сууриа олох үндэс суурь нь болдог. Тиймээс бид Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ийнхүү 2 дахь удаагаа томоохон төслийн хүрээнд дэмжлэг олгож буйд баяртай байна. Энэхүү шинэ төслийн хүрээнд бид хамтдаа Монголын Уран зургийн галерейд ноу хау бий болгож, мэргэшсэн лаборатори байгуулснаар уран зургийн соёлын өвийг ирээдүйн залгамж үедээ хадгалан өвлүүлэх боломж бүрдүүлж, Герман-Монголын хамтын ажиллагааны түүхэнд дараагийн нэгэн амжилт бүхий хуудсыг нээж байна” гэлээ.
Мөн Соёлын сайд Ч.Номин: 3Монголын дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ХБНГУ-ын Элчин сайд ноён Ёорн Розенберг, сэргээн засварлагч Сузанне Эрхардс, Монгол дахь Гёте институт болон “Холбооны гадаад хэргийн яамны соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг Монгол Улсад амжилттай эхлүүлэхэд гар бие оролцсон хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам нь Соёлын өвийн үндэсний төвийг байгуулж, Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулахад онцгой анхаарч байгаа.
ХБНГУ-ын зүгээс Монголын уран зургийн галерейд хөрөнгө оруулалт оруулж байгаа хүрээнд Монгол Улс олон улсын стандарттай уран зураг сэргээн засварлах лабораторитой болж, түүх соёлын дурсгалт зүйлийг анхны төрхөөр нь сэргээн засварлах ажилд бодит дэмжлэг болох юм.
Энэ нь хоёр улсын соёлын салбарын гадаад хамтын ажиллагаа шат ахисан, манай улсын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтын чиглэлд бодитой дэвшил авчирсан алхам боллоо гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Цаашид энэхүү лаборатори нь галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлахаас гадна дүрслэх урлагийн бүх л чиглэлээр сэргээн засварлах лабораторийн үндэс суурь болох юм.
Мөн сэргээн засварлагч нарыг мэргэжил, арга зүйгээр хангах, зургийг сэргээн засварлах ажлыг цаашдаа тасралтгүй явуулах хүний нөөцийн чадавхтай болгох зэрэг томоохон оюуны болон соёлын хөрөнгө оруулалт болж байна.
Энэхүү төслийг эхлүүлэхэд гар бие оролцсон хүн бүрд дахин талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг өнөөдөр байгуулснаар сэргээн засварлах лаборатори байрлах өрөөний засвар, тохижуулалтыг нэн даруй эхлүүлж, 2022 оны хичээлийн жил эхлэхэд шинэ сэргээн засварлах лабораторийг нээж, сэргээн засварлагчдын эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна Соёлын яамнаас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Үйл явдал2023/03/24
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Тод зураг2019/10/25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2022/05/24
Марш-тусгай бэлтгэлийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно
-
Дэлхий нийтээр..2020/11/23
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.11.23-ны 11:...
