Дэлхий нийтээр..
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.
“Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна.
Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах юм байна.
Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тн тэжээл үйлдвэрлэх юм.
Энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тн улаан буудай, хивэг, овьёос зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тн-ыг авахаар төлөвлөжээ.
Компанийн удирдлагууд мөн махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа.
Компани 2004 онд байгуулагдсан, дөрвөн салбар үйлдвэртэй, 360 гаруй ажилтан, албан хаагчтай. 17 нэр төрлийн савлагаатай өндөг, 10 нэр төрлийн мал, амьтны тэжээл болон шувууны сангасыг боловсруулж органик бордоо үйлдвэрлэж байна.
19 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2019-2023 онд 10 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.
Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-иас илүү хувийг импортоор авдаг, цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа.
2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо, хүчин чадал, тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм.
Ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ.
Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80 хувь, ирэх жил 100 хувь хангах боломж бүрдэнэ.
Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь тууштай дэмжиж, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл аваад байна.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2026/08/25
Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүлэхийг завджэ...
-
Дэлхий нийтээр..2024/08/29
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2020/08/12
БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2025/11/19
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага х...
