Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчид “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.

Варшав хотын Маршал Юзеф Пилсүдскийн талбайд байрлах энэ хөшөөг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн үе үеийн цэрэг, дайчдын дурсгалд зориулан босгосон байна.
Хөшөөнд “Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн польш цэрэг нойрсож байна” гэсэн үгийг сийлжээ. Цогцолборын багануудад харийн түрэмгийлэгчдийн эсрэг польш цэргүүдийн амиа алдаж байсан түүхт газруудын жагсаалт байдаг. Энд байх “Легница 9. IV. 1241” гэсэн тоо нь 1241 оны хавар Бат хааны цэргүүд Легницийн талд Польш, Европын хамтарсан цэргийн хүчийг бут цохисны илэрхийлэл юм.
Цогцолборын гол хэсэгт мөнхийн гал асаж, цэргийн тусгай хорооны цэргүүд хүндэт харуулд зогсдог. Томоохон ой, тэмдэглэлт үйл явдлын үеэр энд цэргийн ёслолын жагсаал болж, төр, засгийн удирдлага нь хүндэтгэл үзүүлдэг.

Мөн гадаадын төрийн тэргүүн болон шинээр томилогдсон Элчин сайд нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Тод мэдээ
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,
- Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал тээвэрлэдэг, хог үүрдэг чингэлэгтэй, тайзтай гээд нийт 11 машин,
- Үүрдэг чингэлэг 9,
- Гурван дугуйт дөрвөн ширхэг гээд нийт 24 автомашин, техник хэрэгсэл худалдан авч парк шинэчлэл хийлээ.
Дээрх машин, техникийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хуваарилж өгнө. Ингэснээр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог ачилт сайжрах юм. Баянгол дүүрэг 2021-2024 онд 15 машин, механизмаар парк шинэчлэлт хийж байсан бол, 2025 онд хот нийтийн аж ахуйн машин техникийг сайжруулах зорилгоор дөрвөн багц тендер зарласнаас эхний хоёр тендерт шалгарсан машин техникийг хүлээж авч буй нь энэ юм. Харин 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээж авна.






Тод мэдээ
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дийлэнх нь Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт бүртгэгдсэн бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.
Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

Тод мэдээ
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган зорчигчийг мөргөж осол гарган, хэргийн газрыг орхиж явсны улмаас хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
