Дэлхий нийтээр..
АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөн нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд хамаарч хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахаас гадна нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн тохиолдолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянаж АТГ-аас тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх дүгнэлтийг гарган, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг.
Энэ хүрээнд 2024 онд нийт 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг тус газраас хянаж хариуг хүргүүлсэн байх ба үүнээс албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон 48, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүйг анхааруулсан 1265 байв.
Хяналт шалгалтаар ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Нэр дэвшигч нь тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах ижил үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүтцэд бүртгэлтэй, өөрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй албан үүргийн хувьд шууд захирагдах буюу хяналт тавих нэгжид хамт ажиллахаар нэр дэвшсэн, мөн Төрийн албаны тухай хуульд заасан болон албан тушаалын тодорхойлолт дахь шалгуур, шаардлагыг хангаагүй этгээдийг нэр дэвшүүлэн томилох зэрэг зөрчлүүд гарч байна.
Мөн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарладаггүй, боловсрол, мэргэжил, ажлын туршлага зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилох, улмаар тухайн албанд томилогдсон албан тушаалтнууд нь хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгох явдал гарсаар байна.
Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарлах, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй байх талаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч хяналт тавин ажиллаж байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/07/21
Ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шат бий...
-
Хэн юу хэлэв...2024/04/02
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа
-
Үйл явдал2020/06/03
БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэ...
-
Дэлхий нийтээр..2022/08/11
НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа
