Тод мэдээ
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.
Монгол Улс “итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг Ерөнхийлөгч хэлээд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа. Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.
2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая ам.доллар байна.Манай улс нэг сая гаруй ам.долларын экспорт хийж, 104 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг.
Польш нь манай улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлдэг орны нэг юм.

1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар:
- Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр /1966 он/
- Улаанбаатарын хөнгөн бетоны үйлдвэр /1966 он/
- Хархорины дулааны цахилгаан станц /1970 он/
- Улаанбаатарын мод боловсруулах комбинат /1971 он/
- Улаанбаатарын спиртийн үйлдвэр /1974 он/
- Хархорины спиртийн үйлдвэр /1974 он/
- Улаанбаатарын халиман цавууны цех /1975 он/
- Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр /1985 он/
- Улаанбаатарын нэхээсгүй эдлэлийн үйлдвэр /1989 он/-ийг барьжээ.
Бизнес форумын үеэр “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.
Форумыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран зохион байгууллаа.
Тод мэдээ
Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-т нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус төслийг Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй. Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хүрээнд тус газраас Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ын 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, БЗД 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
Үүнээс Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан бол өөрчлөгдсөн байршил болох Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламжийн загвар зургийг боловсруулан дуусч зөвшилцөх шатандаа явж байна. Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын загвар зураг боловсруулах ажил үргэлжилж байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлыг холбогдох байгууллагууд руу техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон холбогдох материалуудыг хүргүүлэн хүлээгдэж байна. Нарийвчилсан зураг төслийн ажил 35%-тай үргэлжилж байгаа аж.
Төсөл хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 18.3 хувиар нэмэгдэх судалгаа гарсан. Түүнчлэн автомашины урсгалыг хөнгөвчлөх, нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжлийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.
Тод мэдээ
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна.
Хяналтын дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой.
Цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.


Тод мэдээ
Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.
Тухайлбал, Хүннү хот төслийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд өрнөж байна. “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн бөгөөд 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй “Олон түвшний уулзвар” төслийн хувьд, Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Хан-Уул дүүргийн 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
“Лаг шатаах үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийг Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулах талаар судалж ажиллах шаардлагатай”-г тодотгон, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө.
-
Тод мэдээ2024/09/16
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нарыг хүл...
-
Өнөөдөр2022/09/27
АИ-92 бензиний 22 хоногийн нөөцтэй байна
-
Өнөөдөр2022/07/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2025/04/08
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
