Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 22. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.
Үйл явдал
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


Үйл явдал
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
- “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тээврийн сайд Азим Иброхим,
Худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэнэ.
- “Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хүнсний аюулгүй байдлын хорооны дарга Мухаммадсаид Файзуллозода,
Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог бэхжүүлэх, хорио цээрт хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой. Ургамал, ургамлын гаралтай болон бусад зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой ургамлын хорио цээрийн шаардлагыг уялдуулна.
- “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын 2026-2028 оны Замын зураглал”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода,
Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
- “Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Байгаль орчныг хамгаалах хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Баходур Шерализода,
Мөсөн гол болон криосферийн судалгаа, хамгаалал, бэлчээр, бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
- “Залуучууд, спортын салбарт хамран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Залуучуудын солилцоо, оролцоо, идэвх, сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, спортын салбарын хүний нөөц бэлтгэх, тамирчдын хамтран бэлтгэл, сургалт зохион байгуулах, спортын салбарын хөрөнгө оруулалт, спортын соёл, мэдээлэл технологи, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
- “Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын албаны дарга Исмоил Вализода,
Ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжийн зөрчил, доголдлыг арилгах, шаардлага, стандартуудыг сайжруулах, хяналт шалгалтад дижитал технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана.
- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Рахим Саидзода,
Оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах, хамтарсан болон хос дипломын хөтөлбөр хөгжүүлэх, богино хугацааны сургалт, тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллана.
- “Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Бага, дунд мэргэжлийн боловсролын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Бага, дунд мэргэжлийн боловсролын хорооны дарга Фарход Рахими,
Багш, суралцагч, дадлагажуулагчийн солилцоог дэмжих, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалтын арга зүй, шинэ техник, технологийн туршлага солилцох, бага хурал, семинар хийх зэргээр хамтарна.
- “Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Геологийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Үндэсний геологийн албаны дарга Намсрайн Мөнхбилэг, Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода,
Хамтын ажиллагааг шинээр тогтоох, хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах, солилцох, геологийн зураг зохиох, эрлийн ажил гүйцэтгэхэд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх чухал ач холбогдолтой.
- “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханы Батбаяр, Экспортын агентлагийн дарга Бахриддин Сироджиддинзода нар гарын үсэг зурлаа.
Экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэх, форум, семинар бусад арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Үйл явдал
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
