Үйл явдал
Байнгын хороодын үйл ажиллагааг нээлттэй болгож, иргэдийн оролцоог хангах чиглэлээр үүрэг өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын Байнгын болон Дэд хороодын дарга нар, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Байнгын хороодын Ажлын албаны ажилтнуудтай уулзаж үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр “Энэ намрын чуулган ажил хэрэгч, хариуцлагатай чуулган болох ёстой. Цаана нь бүрэн эрхийн хугацааны нэг л чуулган үлдсэн. Хэлэлцэн шийдэх олон чухал асуудал биднийг хүлээж байна. Тиймээс УИХ-ын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, хянан шалгах чиг үүргээ сайн хэрэгжүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь УИХ-ын нэр хүндийг сэргээхэд чухал ач холбогдолтой. Ойрын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэж, Монгол Улсын 2020 оны төсвийг батлах нь бидний хуулиар хүлээсэн нэн чухал үүрэг болж байна. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-ын стратеги төлөвлөгөөний төсөл бэлэн болсон. Хойшлуулалгүй хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Түүнчлэн УИХ-ын дотоод бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна” гэж уулзалтын эхэнд тэмдэглэж хэлэв.
Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажилд ихээхэн хүчин чармайлт гаргаж, цаг наргүй ажиллаж буй Тамгын газрын ажилтнуудад энэ үеэр талархал илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Байнгын хороо тус бүр хийх ажлаа нарийвчлан тооцож, эрэмбэлэх шаардлагатайг сануулаад хууль тогтоох, хянан шалгах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол хийх сэдэв, хуулиудын талаар үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал:
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО: Монгол Улсын Засгийн газар болон төрийн бусад байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт ямар байгааг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор шалгаж, дүгнэлт гаргах;
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО: Авлига, албан тушаалын болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг шинэчлэх, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх арга замын талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах, ХЭҮК-той хамтарч хүний эрхийн тулгамдсан асуудлаар хяналт шалгалт явуулж, хэлэлцүүлэг хийх;
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО: Сонгуулийн хууль тогтоомж болон Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүгэл үлээгч-мэдээлэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслөөр хэлэлцүүлэг, сонсгол явуулах, ОУПХ-ны Парламентын нээлттэй байдлын тунхагийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах;
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО: Их, дээд сургуулиудыг дэлхийн жишигт хүргэх, түүх, соёлын өвийг хамгаалах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, ЕБС-ийн сурах бичгийн асуудал, инноваци, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг асуудлууд болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний тухай болон Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол явуулах;
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО: Агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар Ерөнхий хяналтын сонсгол хийх, ашигт малтмалын орд газрууд дахь олборлолт, ашиглалт, байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах;
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО: Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих талаар болон Итгэлийн зээл олгох хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийх, Монгол Улс “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх;
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Төсвийн болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх;
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО: Батлан хамгаалах багц хуулиудаар Ерөнхий хяналтын сонсгол хийх;
Ингэж нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийдэг арга барилд шилжсэнээр Байнгын хороодын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо хангагдана гэж үзэж байна.
Үйл явдал
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Үйл явдал
1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ
Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.
Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.
Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Үйл явдал
COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.
Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.




