Өнөөдөр
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг 06 дугаар сарын 05-ны өдөр хийж, хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрбээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах эсэхийг тодруулаад үүний оронд Хэрлэн голыг түшиглэн УЦС барих асуудлыг судалж үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хариулснаар, Хэнтийн бүс нутагт Хэрлэн голыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах боломжийг судалж үзэж байгаа бөгөөд боломжтой гэсэн дүгнэлт гарвал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж буй аж. Харин Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах хүсэлтийг салбарын яаманд албан ёсоор ирүүлээгүй гэлээ. Эцэст нь хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.
Өнөөдөр
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Арваннэгдүгээр сарын гуравдугаар дугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрөн, нууранд мөсөн зах, битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний зузаан 5-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.
Гэсэн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Бага ангийн сурагчдын хичээл цахимд шилжлээ
Нийслэлийн долоон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хичээл өнөөдрөөс /2025.12.01/ цахимд шилжлээ. Харин 6-9 дүгээр ангийнхан энэ сарын 8-наас цахимд шилжих бол ахлах ангийн сурагчдын дунд ханиадны тархалт бага тул танхимаар хичээлээ үргэлжлүүлэх юм.
Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалд "Суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүрэг (Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй)-ийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр, дунд анги 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тус тус цахимаар хичээллэнэ" гэжээ.
Өнөөдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо очоод байна.
Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.
Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд Найрамдах Итали Улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ.
Австри, Франц, Гэгээн Ширээт Улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын Холбооны Улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай.
Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.2 их наяд ам.доллар. Эдийн засгийн голлох салбар нь үйлчилгээ /65 хувь/, аж үйлдвэр /23 хувь/, хөдөө аж ахуй /2 хувь/.
623 тэрбум еврогийн үнэ бүхий үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу, металл хийц, эмийн бүтээгдэхүүн голлон гаргаж, гадаадаас 568 тэрбум еврогийн үнэ бүхий газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж авдаг.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 452 сая евро. Нүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй.
Италиас монголчуудын сайн мэдэх Марко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг алдартан төрөн гарчээ.





