Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

УИХ: Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы  2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо. 

Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн авах, шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээллийнхээ эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын эсрэг вакцинд 18-аас дээш насны 2 сая 83 мянга буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрөл олгож бүртгэсэн БНЭУ, БНСУ-ын АстраЗенека, БНХАУ-ын Веро целл, ОХУ-ын Спутник-В вакциныг тус тус импортолж, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр голомт өргөнөөр бүртгэгдсэн бүсэд хэрэглэж эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 155 мянга 746 хүн буюу 7.4 хувийг эхний тунд хамруулсан нь дэлхийн хэмжээнд 17-д бүртгэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вакцины нөөц дутмаг нөхцөл байдлыг харгалзан вакцинд хамрагдах хүн амыг эрэмбэлж зорилтот бүлгийг тодорхойлон нийслэлд 41 цэгээр дамжуулан худалдааны байгууллагын 25,877, боловсролын байгууллагын 24,095, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22,507, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 15,209, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 10,244, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа салбар дундын байгууллагын 8,827, 60-64 насны иргэдэд 7,675, батлан хамгаалах, зэвсэгт хүчний 7,461 иргэн вакцинд хамрагдаж өөрөөр хэлбэл Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах зэрэг байгууллагын албан хаагчид вакцины эхний тунд бүрэн хамрагдсан, харин эрүүл мэндийн байгууллагын 93.2 хувь, төрийн тусгай байгууллагын 92.1 хувь, үйл ажиллагаа нь тасалдаж үл болох байгууллагын 71.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Дээрх дархлаажуулалтын эхний тун авсан иргэдэд хөнгөн зэргийн халуурах, толгой өвдөх, бие шархирах нөлөө байгаа хэдийч хүнд хэлбэрийн урвал, хүндрэл илрээгүй болохыг Шадар сайд мэдээлэлдээ дурдав.

Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын “АстраЗенека” вакцин 150,000 тун, БНХАУ-ын “Вероцелл” вакцин 300,000 тунг татан авч шаардлагатай вакцины нөөцийн 11.3 хувийг дангаараа бүрдүүлсэн бол “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах хөтөлбөрөөс эхний ээлжинд “Файзер” вакцины 25,740 тун, “АстраЗенека” вакцины 112,800 тунг манай улсад хуваарилснаас гуравдугаар сарын 12-ны өдөр “АстраЗенека” вакцины 14,400 тунг хүлээн авч нөөцийг нэмэгдүүлж цаашид “АстраЗенека” вакцины 21,600 тунг гуравдугаар сарын сүүлээр, 76,800 тунг дөрөвдүгээр сарын сүүлээр, “Файзер” вакцины 25,740 тунг дөрөвдүгээр сарын эхээр тус тус татан авахаар ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудад вакцин импортлох зөвшөөрлийг олгож вакцины нөөц хангамжийг нэмэгдүүлэх буюу арилжааны шугамаар ОХУ-ын “Спутник-В” вакцин 300,000 тун, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаас 900,000 тун, “Файзер” вакцинаас 1.5 сая тунг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авахаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэлээ.

Манай улс дархлаажуулалтын тогтолцоонд вакциныг -20 хэмд тээвэрлэх, 2-8 хэмд хадгалах горимтой хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашигладаг. Энэ тогтолцооны хүрээнд хүн амынхаа 20 хувийг дархлаажуулахад шаардлагатай хэмжээний вакциныг нэг удаад хүлээн авах бэлтгэлийг хангасан бөгөөд дархлаажуулалтын тогтолцоонд дэлхий дахинд шинээр бүтээгдсэн вакциныг хадгалахад зориулсан -70 хэмийн хөлдөөгч 26 ширхэгийг худалдан авч, үндэсний төв агуулахад 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөлдөөгчийг суурилуулж шаардлагатай аймаг дүүрэгт хүргүүлэх 100 литрийн багтаамжтай 21 ширхэг хөлдөөгчийг худалдан авч, дэд бүтцийг бүрдүүлснээ мэдээллийн үеэр танилцууллаа.

“АстраЗенека” вакцинаас шалтгаалан хүний биед тромбэмболи үүссэн байж болзошгүй үндэслэлээр Европын холбооны зарим улс хэрэглэхээ түр зогсоосон гэх боловч 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Европын эмийн зохицуулах хороо (ЕМА) тус вакцин нь тромбэмболи үүсгэхэд нөлөөлөхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн болохыг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр онцолсон. Европын эмийн зохицуулах хорооноос гаргасан зөвлөмжийг үл харгалзан вакцины хэрэглээг түр зогсоох орнуудын жагсаалт нэмэгдсээр байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас аюулгүй байдалд нь бүрэн баталгаа өгч, вакциныг хийлгэхийн ач холбогдолыг тайлбарласан ба вакцины дараах багахан гаж нөлөө нь халдвараас шалтгаалах хүндрэл, болзошгүй нас баралттай харьцуулашгүй болохыг тус хорооны Дэд ерөнхийлөгч Эмер Күүк анхааруулсныг мөн дурдсан. Вакцины эмнэлзүйн туршилт судалгаагаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэлд тромбэмболийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэрээр хэрэглээг түр хугацаагаар хязгаарлах нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг сулруулах аюултай хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа мөн дурьджээ (Mackintosh, 2021).  Мөн ДЭМБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс вакцины хэрэглээг зогсоохгүй байхыг уриалаад байгаа гэлээ (Ellyatt, 2021).

Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, хоногт дунджаар 15 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулж байгаа бөгөөд эхний ээлжинд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн нийт 507 мянга гаруй хүнээс 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 155.746 мянган хүн буюу 30.7 хувь нь хамрагдсан бол үлдсэн 352 мянган хүнийг 2021 оны гурав, дөрөвдүгээр сард бүрэн хамруулж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эдгээр иргэдийн хувьд 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс “Синофарм” үйлдвэрийн вакцин, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс “АстраЗенека” вакцины давтан тунг тус тус хийх юм байна. Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа жолооч, ажилчдыг вакцинжуулах ажлын хүрээнд Өмнөговь аймагт “Синофарм” үйлдвэрийн 12,000 тун вакциныг хуваарилан хүргүүлсэн бөгөөд тус салбарын 11,000 гаруй ажилтан, албан хаагч, 1,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг вакцинжуулна гэлээ. Харин бусад аймаг, орон нутагт тавдугаар сараас эхлэн 18-аас дээш насны хүн амд дархлаажуулалтын эхний тунг хийхээр төлөвлөж бэлтгэл ажлыг хангасан байна.

Шадар сайд С.Амарсанаа мэдээллийнхээ төгсгөлд коронавируст халдварын эсрэг вакцины дараах дархлаа тогтцыг судлах зорилгоор хийж буй судалгааны талаар танилцуулсан. Дээрх зорилгын хүрээнд “Эмч, эмнэлгийн ажилчдын вакцины дархлаа тогтоох судалгаа”, “Ахмад настан, суурь өвчтэй хүмүүсийн дархлаа тогтоц тодорхойлох судалгаа”, “Нийт иргэдийн дунд дархлаа тогтцын байдлын судалгаа”-г хийхээр судалгааны арга, аргачлалыг тус тус боловсруулан ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авав. Б.Пүрэвдорж гишүүний асуултад Шадар сайд хариулахдаа, Засгийн газар төлөвлөгөөний дагуу вакцинуудыг татан авч, вакцинжуулалтыг амжилттай зохион байгуулж байгаа гэв. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн шугмаар “АстраЗенека” вакциныг авч, энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтаа эхлүүлсэн. Хэрэв ДЭМБ-ын вакцины хөтөлбөрийн дагуу хуваарилагдсан вакциныг хүлээсэн бол гурав хоногийн өмнө эхний “АстраЗенека” вакциныг хүлээн авахаар байжээ. Хандив туслалцаа, хамтын ажиллагааны хүрээнд авсан вакцинуудаас гадна вакцин худалдан авах зориулалтаар 317 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа талаар дурдав. Цар тахлын халдварыг дотоодод алдсан үйл явц, холбогдох хариуцлагын талаарх Т.Аюурсайхан гишүүний асуултад С.Амарсайхан сайд хариулт өгсөн. Засгийн газраас нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг хэвийн үргэлжлүүлэх чиглэлд анхаарч бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа гэлээ. Нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүйгээр, хэсэгчлэн хөл хорио тогтоохтой холбоотой, хөл хорионы дэглэмтэй холбоотой нарийвчилсан, тодорхой журмуудыг гарган мөрдөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн алдаа дутагдлуудыг илрүүлэх, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, шат шатны хариуцлагыг дээшлүүлэх шаардлага бий гэдгийг хэлж байв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хэсэгчилсэн хөл хорионы талаар тодруулсан. Аймаг, сум, нийслэл, дүүргийн шат шатны байгууллагууд тухайн орчныхоо эрсдлийн үнэлгээг хийж, хэсэгчилсэн арга хэмжээ авахдаа иргэдийг мэдээлэл, зохион байгуулалтаар хангаж, бүх шатанд ойлголтын зөрүүгүй ажиллах УОК-ын даргын тушаал шийдвэр гарсан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо тодорхой шалтгаанаар иргэдэд урьдчилан мэдээлэл хүргээгүй гэх тайлбар хэлж байгаа нь бүдүүлэг алдаа гэж үзэж буйгаа Шадар сайд хэллээ. Бүх шатанд дүрэм, журмыг ягштал мөрдөж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах шаардлагыг тавьж байгаагаа хэлсэн юм. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон бүс дэх иргэдийн торыг шалгах зэрэг асуудал байж болохгүй, цэвэр нугалаа гаргаж байгаа үйлдэл хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн. Ийм асуудлыг шат шатанд гаргахгүй байхаар хичээж байгаа бөгөөд тухай бүр холбогдох арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэлээ. Мөн тухайн бүс дэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хаах учиргүй бөгөөд үүн дээр талууд анхаарал хандуулж, мэдээлэл солилцож ажиллах нь зүйтэй гэв.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоох асуудал нь гэнэтийн шийдвэр байгаагүй талаарх тайлбарыг нэгдсэн хуралдааны үеэр Э.Бат-Амгалан гишүүн хэллээ. Тус хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоох Эрүүл мэндийн сайдын саналын дагуу нийслэл дээр НОК-ын дарга Р.Чингис, ЭМЯ-ыг төлөөлж А.Амбасэлмаа, дүүргүүдийн Засаг дарга нар оролцсон уулзалт болсон байна. Үүний дагуу Монгол Улсын Шадар сайдын 20 дугаар тушаалын дагуу тус хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ. Хэсэгчлэн хөл хорио тогтоохын урьд оройны 18.00 цаг гэхэд 26 дугаар хорооны бүх орон сууцанд зөвлөмж бичгүүд нааж, олон нийтийн сүлжээн дэх холбогдох сувгуудаар мэдээлэл түгээсэн гэв. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой комисс нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байгааг энэ үеэр тэмдэглэж хэлсэн. Тус хороонд оршин суудаг, шинжилгээнд хамрагдах ёстой 16.500 иргэнээс 8.500 нь буюу 60 гаруй хувь нь 2021 оны гуравдугаар сарын 17-ны байдлаар шинжилгээнд хамрагдаад байгаа гэлээ. Иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр 100 хувь дуусгаад, хариу гарсны дараа 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс хэсэгчилсэн хөл хориог цуцлахаар тус дүүргийн Онцгой комисс ажиллаж байгааг Э.Бат-Амгалан гишүүн хэлсэн. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ж.Сүхбаатар нар дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж буй ажилтнууд онцгой нөхцлийн нэмэгдэл, урамшуулалд хамрагдахгүй байгаа талаар мэдээлэл хэлж, энэ талаар тодруулсан.  Мөн тодорхой нэр төрлийн вакцины эхний тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгаа хийлгэхтэй холбоотой асуудлаар асуулт асуухад, 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс “Синофарм” үйлдвэрийн вакцин, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс “АстраЗенека” вакцины давтан тунг тус тус хийнэ гэлээ. Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд шууд дархлаа тогтохгүй гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд анхааруулж, хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлаа тогтож эхлэх бөгөөд 14 дараа бүрэн дархлаа тогтоно гэдгийг хэлж байв.

Ийнхүү Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүд холбогдох асуудлаар тодруулга хийснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.

2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.

GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав

Огноо:

,

Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.

АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.

Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.

Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.

Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна

Огноо:

,

Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.

Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.

Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.

Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.

Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.

Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.

Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.

Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.

 

Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.

“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.

Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.

Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.

Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.

Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.

Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.

Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.

Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.

Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...3 минутын өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Үйл явдал7 минутын өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Хэн юу хэлэв...10 минутын өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Үйл явдал2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Хэн юу хэлэв...2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Үйл явдал2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Дэлхий нийтээр..2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Үйл явдал2026/11/02

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооц...

Үйл явдал2026/11/02

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын а...

Үйл явдал2026/11/02

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэл...

Үйл явдал2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Үйл явдал2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Үйл явдал2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Үйл явдал2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Үйл явдал2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Үйл явдал2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Хэн юу хэлэв...2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Үйл явдал2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Үйл явдал2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Үйл явдал2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Үйл явдал2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Үйл явдал2026/10/29

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Үйл явдал2026/10/29

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Үйл явдал2026/10/29

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Үйл явдал2026/10/29

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Дэлхий нийтээр..2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Дэлхий нийтээр..2026/10/28

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажу...

Үйл явдал2026/10/28

“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэ...

Санал болгох