Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.
2022 оны 08 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
2022 оны 08 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Үйл явдал
Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгдэж буйг анхаарууллаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгдэж буйг олон улсын кибер аюулгүй байдлын байгууллагууд анхаарууллаа. Ялангуяа санхүү, эрчим хүч, харилцаа холбооны салбарын байгууллагууд халдлагад өртөх эрсдэл өндөр байгаа бөгөөд халдлагын арга хэлбэр улам нарийсч, зохион байгуулалттай болж буйг онцолж байна.
Шинжээчдийн мэдээлснээр, сүүлийн үед
- нууц мэдээлэл хулгайлах
- ransomware буюу өгөгдлийг барьцаалах
- хуурамч имэйл, холбоосоор дамжуулан нэвтрэх
зэрэг халдлагын тохиолдол нэмэгдэж байна.
Зарим тохиолдолд хиймэл оюунд суурилсан арга ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэх оролдлого хийж буй нь кибер халдлагын шинэ хандлага болж байна.
Мөн зарим бүс нутагт интернетийн үйлчилгээ доголдох, систем түр хугацаанд саатах зэрэг үзэгдэл бүртгэгдсэн нь кибер халдлагатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Кибер аюулгүй байдлын байгууллагууд байгууллагуудад хандан мэдээллийн хамгаалалтаа сайжруулах, системийн шинэчлэл хийх, ажилтнуудын цахим аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
Үйл явдал
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжлээ
Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид ажлын шинэ зохион байгуулалтад шилжин, долоо хоногт дөрвөн өдөр ажлын байран дээр ажиллаж, нэг өдрийг зайнаас буюу цахимаар ажиллах горимд орлоо.
Шинэ зохицуулалтын хүрээнд байгууллагууд ажлын ачаалал, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үүднээс дотоод зохион байгуулалтаа өөрчилж, албан хаагчдыг ээлжлэн цахимаар ажиллуулах байдлаар хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй юм.
Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, мөн төрийн албан хаагчдын бүтээмж, ажлын уян хатан нөхцөлийг сайжруулахад чиглэж байна. Түүнчлэн цахим ажлын соёлыг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг эрчимжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Харин иргэдэд үзүүлэх үйлчилгээний хувьд зарим байгууллага харилцан адилгүй зохицуулалт хийж болзошгүй тул холбогдох байгууллагын мэдээллийг урьдчилан шалгахыг зөвлөж байна.
Үйл явдал
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулсан байна.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцсоноор нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлжээ.
Энэхүү ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, барьцаа хөрөнгийн төвлөрөлд тогтмол хяналт тавьж ажиллахаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
