Дэлхий нийтээр..
МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, томиллоо
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Нямсамбуугийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1, 21.7-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ж.Цэсэнг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Нэр дэвшигч Жигжидийн Цэсэн нь 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Монгол Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үндэсний зөвлөлийн гишүүн Дэндэвийн Нямсамбуу, Балдангийн Энхмандах, Батжаргалын Батбаяр, Дэшигрэнцэний Оюун-Эрдэнэ, Довдонгийн Цэндсүрэн, Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй тул эдгээр долоон гишүүний оронд Монголын Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилж өгөх талаар албан бичиг ирүүлсэн байна.
Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор Улсын Их Хурлаас Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хорооны хуралдаанаар сонгон шалгаруулах, бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсэг нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хуралд ирүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулсан бөгөөд 27 төрийн бус байгууллагаас 28 нэр дэвшигчийн материал ирүүлснээс нэр дэвшигч С.Баярмөнх сонгон шалгаруулалтад оролцох талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан юм. Нэр дэвшигчдийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газруудаас холбогдох мэдээллийг гаргуулан, нэр дэвшигч тус бүрээр хянан үзэж Төрийн байгуулалтын байнгын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж ажилласан гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх санал болгосон нэр дэвшигчдээр Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг нууц санал хураалтаар саналын хуудсаар авахад Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Чулуунбаатарын Батцэнгэл, Баасанжавын Ганболд нар хамгийн олон санал авсан тул Улсын Их Хурлаас дээрх хүмүүсийг санал болгохоор тогтсон болохыг Ё.Баатарбилэг гишүүн танилцууллаа.

Нэр дэвшигч Дамдин овогтой Цоодол нь 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн сургуулийг, 1989 онд Улсын багшийн дээд сургуулийг Кино драмын жүжигчин мэргэжлээр, 2017 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг сэтгүүл зүйн магистр мөн Оросын Холбооны Улсын Москва хотын Останкины мэргэжил дээшлүүлэх институтийг хөтлөгч, нэвтрүүлэгчийн уран чадвар мэргэжлээр тус тус төгссөн. Улсад 28 жил ажилласан бөгөөд үүнээс 1989-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизэд нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизийн 5 дугаар нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын ерөнхий продюсер, 2016 оноос “Цэцэн энтертэймент” студийн Ерөнхий продюсероор ажиллаж байгаа юм байна.
Нэр дэвшигч Мянганбуу овогтой Наранбаатар нь 1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд Өвөрхангай аймгийн Есөн-зүйл сумын 10 жилийн сургуулийг, 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан, орос судлаач мэргэжлээр, 2002-2004 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр зэргээр, 2016-2019 онд Шихихутаг Их сургуулийг Хууль зүйн магистраар тус тус төгссөн. 1996-2006 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн захирал, 2015-2018 онд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2019 оноос Энхтайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.
Нэр дэвшигч Чулуунбаатар овогтой Батцэнгэл нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд 93 дугаар 10 жилийн сургуулийг, 1993-1997 онд Улсын Багшийн Их сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр, 2016 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2010 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд сэтгүүл зүйн магистр зэргээр тус тус төгссөн. 1997-2014 онд Монголын Үндэсний телевизэд редактор, хэлтсийн дарга, дэд захирал, 2015 онд “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгч, 2016 оноос Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Монголын мэдээ сувгийн захирал, 2017 оноос 2020 оны 11 дүгээр сарын 10-ныг хүртэл Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн захирлаар ажиллаж байсан байна.

Нэр дэвшигч Баасанжав овогтой Ганболд 1955 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 1973 онд Ерөнхий боловсролын сургууль, 1979 онд Москвагийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1989 онд Москва Нийгмийн Ухааны Академид Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1979-1992 онд Үнэн сонинд сэтгүүлч, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, 2000-2006 Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ.
Мөн Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Жигжидийн Цэсэн, Монгол Улсын Засгийн газраас Маруушийн Уянга, Гомбожавын Отгонбаяр нарыг нэр дэвшүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр нэр дэвшигчдийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Хуульд заасан үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Дэндэвийн Нямсамбуу, Балдангийн Энхмандах, Батжаргалын Батбаяр, Дэшигрэнцэний Оюун-Эрдэнэ, Довдонгийн Цэндсүрэн, Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилох тухай” болон “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэн ажиллаж байсан Ө.Золбаяр, З.Энхболд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5-д заасныг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 3 төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж материал ирүүлснээс Монголын үндэсний Маркетингийн холбоо, Монголын үндэсний, худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Урлагийн ажмлтны холбооноос нэр дэвшигч Маруушийн Уянга, Монголын аутосорсингийн холбоо, “Хөх ах” төрийн бус байгуулагаас нэр дэвшүүлсэн Гомбожавын Отгонбаяр нарыг нэр дэвшүүлж байгааг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Нэр дэвшигч Маруушийн Уянга 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын доктор. 2004-2015 онд “Тод толь” сангийн тэргүүн, 2005-2007 онд хүүхдийн “Өлзийт” зуслангийн захирал, 2002 оноос өнөөдрийг хүртэл “Саунд оф Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал, найруулагч, “Монголын Урлагийн ажилтны холбооны болон Олон улсын хүүхдийн зуслангуудын холбооны гишүүний сонгуульт ажилтай.
Нэр дэвшигч Гомбожавын Отгонбаяр 1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн магистр. 1996-1999 онд Улаанбаатар төгиөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депод, 1999 оны 7 дугаар сараас Өдрийн сонинд сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар, 2007-2015 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, мөн ерөнхий эрхлэгчээр, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Засгийн газрын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Б.Пүрэвдорж, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, Ц.Туваан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Т.Доржханд нар үг хэлж, асуулт асуун Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон нэр дэвшигчдээс хариулт авав.
Гишүүд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан үйл ажиллагаатай байх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Цаг үеийн шаардлагаар Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага болох олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг тал бүрээс томилдог, тус байгууллагын санхүү эдийн засгийн асуудал, түүнд тавих хяналт зэрэг нь тус хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг Г.Занданшатар дарга хэлээд, хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулна гэлээ. Хуралдааны үеэр Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буй Чулуунбаатар овогтой Батцэнгэл нэрээ татаж буйгаа мэдэгдсэн.

Ингээд нэр дэвшигчдийг Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр тус бүр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 87.2 хувь нэр дэвшигч Ж.Цэсэнг, нэр дэвшигч М.Уянгыг 89.4 хувийн саналаар Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив. Нэр дэвшигч Д.Цоодол, Г.Отгонбаяр нарыг тус зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 93.6 хувийн саналаар, М.Наранбаатарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг 87.2 хувийн саналаар, Б.Ганболдыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг 70.2 хувийн саналаар тус тус дэмжив.
Иймд “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Дараа нь “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, З.Энхболд, Б.Золбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхөөр, тогтоол 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр төсөлд тусгасан. УИХ-ын дээрх тогтоолын төслийг батлах томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 45 нь дэмжиж, тогтоол батлагдлаа. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2021/01/20
УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо
-
Үйл явдал2022/04/19
Улаанбаатарт дархлаажуулалтын 49 цэг ажиллана
-
Дэлхий нийтээр..2025/11/18
Хром, хар тугалгын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-9 дахин их илэрч байна
-
Тод зураг2020/02/03
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
