Үйл явдал
"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Монголын анхны тогтмол хэвлэл “Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Монголын үнэн-Нэгэн зууны товчоон” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд, гэрэл зурагчин, МУСГЗ Н.Бөхдамбий, Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, “Степпелинк” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Үндэсний мэдлэгийн цахим сан Esan-гийн үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүшиг нар оролцлоо.

“Монголын тогтмол хэвлэлийн нэг томоохон төлөөлөгч бол “Монголын үнэн” сонин. Дан ганц “Монголын үнэн” сонин ч биш цаасан хэвлэл цаашдаа ч мэдээллийн гол эх сурвалж байсаар байна” гэдгийг “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд энэ үеэр онцолсон юм.

Харин Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд “Монголын үнэн” сонины 100 жилийн ой гэдэг Монголд тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой юм. Бүх салбарт цахим шилжилт явагдаж байгаа энэ үед сэтгүүлзүйн салбар ч энэ чиглэл рүү хөгжиж буй. Гэсэн хэдий ч цаасан хэвлэл, сонин мэдээллийн гол эх сурвалж нь байсаар байна. “Монголын үнэн” сонин өнөөдрийг хүртэл 24 мянган дугаар эрхлэн гаргасан. Үүний 20 мянган дугаарыг Esan-гийнхан цахим хэлбэрт оруулсан” гэдгийг дуулгалаа. “Esan” төслийн хамт олон уг ажлыг нийт зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Ингэснээр тус сонины 20 мянган дугаарыг цахимаар хүлээн авч унших, иш татан оруулах бүрэн боломжтой болсон байна.



Үзэсгэлэнд “Монголын үнэн” сонины анх хэвлэгдэн гарсан 1920 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаараас эхлээд өнөөг хүртэл хэвлэгдэн гарч, баринтаглан хадгалагдсан дугааруудаас сорчлон гаргажээ. “Монголын үнэн” сонины 1920 онд гарсан анхны дугаар нь зургаан ширхгээр хэвлэгдэж байсан бол оргил үедээ 220 гаруй мянган ширхгээр гарч хэвлэлийн түүхэнд байгаагүй амжилтыг тогтоож байжээ.
“Нэгэн зууны түүхийг сониныхоо шарласан хуудаснаа үлдээсэн Монголын үнэн сонины түүх гэдэг Монгол Улсын түүх юм” гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Үнэхээр ч Монгол улсын өнгөрсөн 100 жилийн нийгэм, улс төрийн байдал, монголчуудын амьдрал, нэгдэлжих хөдөлгөөн, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийн үйл явцууд хийгээд Ардын хувьсгалын түүхэн он жилүүдэд Монголын тогтмол хэвлэлд чухам юу нийтлэгдэж, нийтлэлийн ямар бодлого баримталж байв гэдгийг та тус үзэсгэлэнгээс харж болох юм.
Үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын ордноо үргэлжилнэ.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Үйл явдал
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ Сири дэх цэргийн хүчнээ бүрэн татсаны дараа тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байсан бүх цэргийн баазууд Сирийн талын хяналтад шилжжээ.
Сирийн эрх баригчид мэдэгдэхдээ, өмнө нь АНУ-ын цэргүүд байрлаж байсан баазуудыг шат дараатайгаар хүлээн авч, одоогоор бүрэн хяналт тогтоосон гэж мэдээлсэн байна. Энэ үйл явц нь АНУ-ын цэргийн алба хаагчдыг үе шаттай гаргасны дараа хэрэгжсэн бөгөөд шууд мөргөлдөөн, зэвсэгт сөргөлдөөнгүйгээр явагдсан гэж эх сурвалжууд онцолжээ.
АНУ Сирид олон жилийн турш “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх хүрээнд цэргийн ажиллагаа явуулж, хойд болон зүүн бүсийн хэд хэдэн стратегийн баазыг ашиглаж байсан юм. Харин сүүлийн үед бүс нутгийн нөхцөл байдал, стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор цэргийн оролцоогоо бууруулж, улмаар бүрэн гаргах шийдвэр гаргасан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын цэргийн оролцоо ийнхүү дуусгавар болж, баазуудыг Сирийн талд шилжүүлсэн нь бүс нутгийн геополитикийн тэнцвэрт байдалд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй юм. Цаашид Сирийн дотоод аюулгүй байдал, олон улсын оролцооны шинэ шат эхлэхийг үгүйсгэхгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.
Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.
Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.
Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив. Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.
Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.

-
Үйл явдал2020/07/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
Үйл явдал2024/09/04
Хөдөлгөөн ихтэй 20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секу...
-
Тод зураг2020/04/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2025/05/01
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд б...
