Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

О.Отгонбаяр: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах чиглэлд штабууд амжилттай ажилласан

Огноо:

,

Сэтгүүлч:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 3-р сарын 20-ны өдрийн А/139 тоот тушаалаар тус үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын т а р х а л т т а й холбоотойгоор үүсэж буй хүндрэлийг даван туулж, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх Төв штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штабын 9 дэх хуралдаан саяхан боллоо. Энэхүү хуралдаанаар авч хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлэхээр зорьж буй ажлын явц, цаашдын зорилтын талаар Төв штабын нарийн бичгийн дарга, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай ярилцлаа. 

- Та эхлээд Төв штабын зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө баталж, 2020 оны Төв штаб, мөн чиглэл хариуцсан дөрвөн штабын үйл ажиллагааны зохион байгуулалтад орж ажилласан. Корона вирусын тархалттай энэ үед уурхайчид, тэдний гэр бүлийг хамгаалах, мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй хөрөнгийг бууруулахгүй байх гэсэн үндсэн зорилго тавьж, уурхайчид мөр зэрэгцэн, гар сэтгэл нэгдэн ажиллаж ирлээ. 

- Төв штабын 9-р хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?

- Штабын оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, Төв штабын зүгээс чиглэл хариуцсан штабын ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн. Хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл 57 хувьтай, өмнөх наймдугаар хуралдаанаар чиглэл хариуцсан штабуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт 95,9 хувьтай гарсан. Манай чиглэл хариуцсан штабууд тус тусдаа төлөвлөгөө гарган ажилласан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бууруулахгүй байх, санхүүгийн нэмэлт орлого олох, зардлаа бууруулах, хүндрэлийг даван туулах чиглэлээр штабууд амжилттай ажилласан гэж дүгнэсэн. Санхүү, эдийн засгийн, Үйлдвэрлэлийн, Нийгмийн, Хөгжлийн чиглэлийн дэд штабуудын үйл ажиллагааг дүгнэж, хямралын эсрэг арга хэмжээний оролцооны хувь хэмжээг гаргасан. Хямралын үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцсон цехийн ажиллагчдад тодорхой хэмжээний урамшуулал олгох чиглэл өгсөн. 

Мөн шинээр байгуулагдсан Гадаад харилцааны болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Мэдээллийн технологийн хэлтсийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцлээ. Эдгээр газар, хэлтсүүд бий болсноор Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, шинэчлэлт, давуу болон сул тал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргасан. Энэчлэн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг штабаар хэлэлцэж, нэмэлт даалгавар өгч ажилласнаар бид хямралыг амжилттай даван туулж байгаа гэж үзэж байна. 

- Чиглэл хариуцсан штабуудын ажлыг тухайлчлан дүгнэсэн гэлээ. Энэ талаар тодруулбал? 

- Уурхайчин хамт олон маань өөрийн үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг нэмэлтээр үйлдвэрлэх, зардал хэмнэх төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлсэн. Түүнчлэн арилжааны банкуудтай хийсэн хэлцэл, санхүү, эдийн засаг мөнгөний оновчтой бодлого, худалдааны гэрээг сайжруулсны үр дүнд нэмэлт орлого олж байна. Энэ ч утгаараа оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь биелүүлсэн. Энэ нь Үйлдвэрлэлийн болон Санхүү, эдийн засгийн чиглэлийн штабууд зорилтоо амжилттай хэрэгжүүлсний үр дүн гэж дүгнэсэн.

Хөгжил болон Нийгмийн чиглэлийн штабууд том төслүүдийг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалахад анхаарлаа хандуулан ажиллалаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох үед дотоод зохион байгуулалт хийж, цалин хөлсийг бууруулахгүй байх арга хэмжээ авсан. Үйлдвэрийн ирээдүй, ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудал, сайн сайхны төлөө чиглэсэн эдгээр штабын ажлыг ахицтай байсан гэж дүгнэсэн. Төв штаб үйл ажиллагаагаа хямралыг даван туулах, сөрөг үр дагавраас сэргийлэхэд чиглүүлэхээс гадна, том төслийн бүтээн байгуулалтын ажил тус бүрийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, гарц гаргалгаа, үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргаж ажилладаг нь ихээхэн үр дүнтэй байна гэж Ерөнхий захирал дүгнэсэн. 

- Төв штабаас цаашдаа хэрхэн ажиллахаар зорьж байна? 

- Он дуусах хүртэлх дөрвөн сарын хугацаанд манай Уурхайчин хамт олон хэрхэн ажиллах тухайд Төв штаб зорилтоо тодорхойлсон. Дэд штабууд үйл ажиллагаандаа ямар өөрчлөлт хийх, юун дээр илүү төвлөрч ажиллахаа хэлэлцсэн. 2020 оны зорилтот түвшинд хүрэхэд дотоод болон гадаад орчны нөлөөлөл, улс орны эдийн засгийн байдал, зэсийн үнийн хэлбэлзэл зэргээс шалтгаалан төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулж, дахин нэмэлт даалгавар аван ажиллах шийдвэр гарсан байгаа. Ийнхүү үлдсэн саруудад энэ оны зорилтоо биелүүлэн ажиллах нь манай штабын гол ажил.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал2026/09/01

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Санал болгох