Тод мэдээ
“Ай Си Ти групп” компани эх орондоо анхны токенжуулсан үнэт цаас гаргалаа
Монгол Улсад анх удаа Блокчэйн технологид суурилсан токенжуулсан үнэт цаас гаргах ёслол боллоо. Мэдээллийн технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулан үнэт цаасыг токенжуулж хөрөнгө босгох нь уламжлалт хэлбэрийн үнэт цаастай харьцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэдэг, хөрөнгө оруулагчдад тэгш боломж олгодог зэрэг давуу талтай.
Токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх явц. Токен бүр нь бодит хувьцаа, үнэт цаасаар баталгаажих учир криптокойноос илүү найдвартай, үнэ цэнээр баталгаажсан санхүүгийн хөрөнгө бөгөөд блокчэйн технологид суурилсан арилжааны системээр дамжуулан арилжих, шилжүүлэх боломжтой.
Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагаас гадна блокчейн технологид давхар бүртгэгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлаараа давуу. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ногдол ашиг тараах зэргийг хялбаршуулах боломжтой юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Засгийн газар мэдээллийн технологид суурилж төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй, хүртээмжтэй хүргэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр зорьж байгааг хэлэв. Мөн Цахим үндэстэн болох цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэдээллийн технологийн салбарт чиглэсэн дөрвөн багц хуулийн төслийг өргөн барьсан. Сул талаа давуу тал болгож, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхахад мэдээллийн технологи чухал. Иймээс технологид суурилсан экспортыг хөгжүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв. Энэ үед монгол залуус, үндэсний компани дэлхийд өрсөлдөх хэмжээний токенжуулсан үнэт цаас гаргаж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсэв. Цаашид шаардлагатай бодит дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.
“Ай Си Ти групп” компани дата центр, газар зүйн мэдээллийн систем, блокчэйн платформ, үүлэн технологи зэрэг суурь дэд бүтцийг бие даан хөгжүүлж байна. Өнгөрсөн сард “Тесла” компани дэлхийд анх удаа токенжуулсан үнэт цаас гаргасан бол “Ай Си Ти групп” компани эх орондоо анхны, дэлхийд хоёр дахь токенжуулсан үнэт цаас гаргалаа. Тус компани нэг бүр нь 130 төгрөгийн үнэтэй 124,793,954 токенийг www.trade.mn-ээр дамжуулан арилжаалж эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ictgroup.mn/ хуудаснаас авах боломжтой юм.

Тод мэдээ
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тод мэдээ
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өглөө

Тод мэдээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Иймд иргэдийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.
