Үйл явдал
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
Үйл явдал
“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулав
Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг 21 аймагт зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд Орхон, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хоёр аймагт нэгэн зэрэг зохион байгууллаа. Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 100 сурагч, Сэлэнгэ аймгийн 7 сургуулийн 97 сурагч, нийт 27 сургуулийн 197 сурагч хамрагдаж, үе тэнгийнхэндээ шударга зан үйлийг төлөвшүүлэх, зөв хандлага, эерэг нөлөөллийг түгээх арга зүйд суралцав. Сургалтыг Орхон аймагт таван сургуульд бүсчлэн, Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрууд хамтран ажиллалаа.
Сургалтын хүрээнд сурагчдад үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, даалгавар болон шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх, гаргасан алдаагаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөх, бусдын зүй бус нөлөөлөл, шахалтад хүндэтгэлтэйгээр татгалзаж сурах зэрэг ойлголт, чадварыг эзэмшүүлэхэд анхаарсан юм.
Сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын болон оролцооны арга зүйд тулгуурлан дүрд тоглох, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, харилцан ярилцах, бичил сургалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр явуулж, сурагчид өөрсдөө сургалт хөтлөх арга барилд суралцсанаараа онцлог байв. Бэлтгэгдсэн өсвөрийн сургагч багш нар цаашид өөрсдийн сургуульд үе тэнгийнхэндээ зориулсан 15-20 минутын богино сургалт, хэлэлцүүлгийг бие даан зохион байгуулж, шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцоно.
Түүнчлэн аяны хүрээнд “Шударга ёсны андгай өргөх”, “Нэг минутын хичээл” зохион байгуулах, “Шударга ёсны мод”, “Хуулалтгүй шалгалт” зэрэг санаачилгыг сургуулийн орчинд хэрэгжүүлж, хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх, шударга зан үйлийг эрхэмлэдэг соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
“Шударга үйлдэл-Миний бахархал” аяныг сурагчдын идэвх, оролцоо, манлайлалд тулгуурлан шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, сургуулийн орчинд үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлж байна.
Үйл явдал
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь арьс шир, ноос, ноолуур, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр болон хүнсний агуулах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 539 га талбайг хамарна. Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн Ерөнхий инженер Т.Батдондог: “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлыг гүйцэтгэж байна. 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна” гэв.


Аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа барих, бизнес инкубатор болон сургалтын төв байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркийн талбайд төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх юм.



“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь үндсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэх төсөл юм. Нэгдүгээрт: Арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан кластер үйлдвэрлэлийг нэг дор цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт: Улаанбаатар хотын суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн талбайд нүүлгэн шилжүүлснээр үйлдвэрлэлийг төвлөрүүлж, малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.


Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6–7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ.


Үйл явдал
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлүүдэд хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох санал тавив. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг дурдав.

Хөх хотын Засаг дарга Лянь Дун дээрх саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагууд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны саналуудыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцоллоо. Уулзалтын төгсгөлд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
-
Дэлхий нийтээр..2021/08/31
Нүүрс тээврийн машинууд хилээр ачаа тээвэрлэж орж ирдэг боллоо
-
Дэлхий нийтээр..2021/04/12
Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг дархлаажуулалтад ...
-
Дэлхий нийтээр..2024/11/11
Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно
-
Дэлхий нийтээр..2022/08/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд В...




