Үйл явдал
Бурхан Халдун уулын төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцоно
Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тайх ёслолд бөө нарыг ингэж өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Төрийн нэрийн өмнөөс олон бөөгөөр тодорхой зорилго бүхий үйл хийлгэх тохиолдол түүхэн уламжлалтай болохыг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл болон Жужан, Хятан улсын тухай түүхэн сурвалжуудыг харьцуулан судалсны үндсэн дээр тогтоожээ.
Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэж үздэг бөгөөд тэдгээрээс дор хаяж 13 жил бөөлсөн, ёсзүйн хувьд үлгэр жишээ, өөрийн санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөө үйлс хийдэг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр хүнд цэвэр ариун гэх мэт олон шалгуурыг архивын 5 үеийн тухай лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг олон баримтаар баталж чадсан шилмэл 99 бөө Бурхан Халдуны төрийн тахилгад оролцох аж.
Тэд эдгээр өдрүүдэд Бурхан Халдун уулнаа мөн нарны залбирал, лусын тахилга, хайрханы тахилга, галын тахилга зэргийг үйлдэнэ.
НАРНЫ ЗАЛБИРАЛ
Эртний хятадын түүхч Сыма Цяний “Түүхийн тэмдэглэл”-ийн 110-р бүлэгт “Шаньюй өглөөд өргөөнөөсөө гарч мандах наранд мөргөл үйлдэнэ. Оройд саранд мөргөнө” гэж тэмдэглэсэн нь өвөг монголчууд нар, сарыг дээдлэн шүтэж байсныг нотлох бичгийн сурвалж бөгөөд археологийн судалгаагаар Хүннүгийн хаадын булшнаас нар, саран дүрстэй алтан ялтаснууд олонтаа олдсон нь үүнийг давхар нотолдог байна. Наранд хандан залбирах, өчил өчих, андгай тавих ёс XIII зууны монголчуудад ямар байсныг Монголын нууц товчооны 103 дугаар зүйлд тодорхой өгүүлж байна. Гурван мэргидээс амь аварсан “Бурхан халдуныг манагар бүр малиасугай өдөр бүр өчсүгэй. Ургийн ураг мину ухтугай хэмээн наран эсрэг бүсээ хүзүүндээ эрихэлж махлайгаа гартаа сээжиглэж гараа өвчүүндээ мөөлдөж наран зүг есөнтөө сөгдөж сацал өчүүл өгөв” гэсэн нь наранд залбирах зан үйлийг монголчууд тэр үед хэрхэн үйлдэж байсны бодит дүрслэл мөн гэж судлаачид үзжээ. Энэхүү Тэнгэр, Наранд залбирах зан үйл монгол бөөд орхигдолгүй явж ирсэн бөгөөд олон, цөөн бөө оролцсон аливаа тайлга тахилгын үеэр заавал хийдэг үйлийн нэг болоод байна.
ЛУСЫН ТАХИЛГА
Монгол бөөд Тэнгэр-Газар-Хүн гэсэн гурвалыг чухалд үздэг бөгөөд “Газар” гэх ойлголт нь “Этүгэн” буюу дэлхийг бүхэлд нь хэлдэг учраас уул хайрхан тахихын цаана ус голд өргөл тахил өргөж, хүндэтгэл үзүүлэх зан үйл давхар агуулдаг онцлогтой. Монгол бөөд Газрын буюу Уул, усны эзэн гэсэн ойлголт эртнээс байсан бөгөөд тэдгээр эздийг тайж тахих, аргадах, ивээл хүсэх зан үйл үйлдсээр ирсэн уламжлалтай. Хожим буддын шашны нөлөөгөөр энэхүү “Эзэн” хэмээх нэр нь Савдаг, Навдаг, Шивдэг, Хар, Цагаан, Хөх лус өөрчлөгджээ. Газар усны эздийг тайж тахих энэ уламжлал одоо ч мөрдөгдөж, бөөгийн тайлга тахилгын зан үйлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна. Тэгэхээр монгол бөөгийн лусын тахилга гэдэг нь тухайн газар усны эздийг баясгах, аргадах зан үйл юм.
ХАЙРХАНЫ ТАХИЛГА
Монгол бөөгийн тухайлсан уул хайрхдыг тайж тахих зан үйл нь хувь хүн, өрх гэрийн хүрээнд, ураг удмын хүрээнд, орон нутгийн хэмжээнд, төрийн түвшинд гэсэн олон зэрэглэлтэй зан үйл юм. Хувь хүн, айл өрхийн хэмжээнд тайж тахих зан үйл нь тухайн уул хайрхны эзнийг аргадах, баясгах, ивээл хүсэх зан үйл бол Уул хайрханы төрийн тахилга нь Уулын тэнгэрийг тайж тахих зан үйл юм. Уулын тэнгэрийн тайлга нь “Нэг талаас тэнгэрт мөргөх ёс, нөгөө талаас уул усанд мөргөх ёс зэрэгцэн давхарлаж” байгаа хосолмол шинжтэй зан үйл бөгөөд Хүмүүн-Тэнгэр-Газар гурав хэмээсэн монгол бөөгийн гурвал үзэл ёсоор Хүн нь Газар, Тэнгэрийг эетүүлэгч үүргээ биелүүлж, бөөгөөр дамжуулан Тэнгэрийн ивээлийг өөртөө төдийгүй байгальдаа хүртээж, дундын бүтээлч холбоос болж байгаагийн нотолгоо мөн.
Төрөөс тусгайлан соёрхож үүрэгжүүлээгүй тохиолдолд олон, цөөн бөө нийлж, эсвэл дангаараа уул хайрхан тайж тахих зан үйл нь тухайн хайрханы эзэнд өчиж мэдүүлэх, аргадаж тайх, ивээл хүсэх, зон олноо даатгах, эсвэл тухайн тахилгын зорилгод хамаарах даатгал хийх зан үйлд хамаарна. Ийм төрлийн тахилгыг хэрхэн үйлдэх ёс, журам, өргөл тахил зэргийг тухайн уул хайрхны эзэнтэй онгодын хүчээр харьцаж тодруулсны үндсэн дээр өвөрмөц онцлогт нь тохируулан тогтоодог байна.
ГАЛЫН ТАХИЛГА
Монгол бөөгийн уул хайрхныг тайж тахих зан үйлийг галын өргөлгүйгээр огт хийдэггүй бөгөөд олон бөө чуулсан тайлга тахилгын үеэр Галын тахилгыг тусгайлан үйлдэх соёл тогтоод байна. Энэ нь нийт монголчуудынхаа галыг тахиж байна гэсэн ерөнхий агуулгатай зан үйл бөгөөд Төрийн тахилгын үеэр бол Монгол төрийнхөө гал голомтыг тахих зан үйл болно.
Галын тахилгыг галын тэнгэртэй бөө нэр эрхлэн үйлддэг. Айл гэр буюу голомтын гал тахих, Галын тэнгэр тахих, Төрийн гал тахих зэрэг ялгаа зэргэмжтэй, нутаг нутгийн ёс өөр, түүнийгээ дагаад галын өргөл нь өөр, өөр байдаг онцлогтой.


Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Үйл явдал
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Үйл явдал
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Дэлхий нийтээр..2023/11/29
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг Unite олон улсын аян болж байна
-
Дэлхий нийтээр..2023/09/14
Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эр...
-
Үйл явдал2026/07/01
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
-
Дэлхий нийтээр..2022/04/01
Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, зураглалын анхны хувилбарыг хэлэл...
