Дэлхий нийтээр..
УИХ: “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны долоодугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.8 дахь хэсгүүдийг баримтлан хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах асуудлыг хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Ирээдүйн өв сангийн хөрөнгийн хэдэн төгрөгийг ямар банкнуудад, хэдэн хувийн хүүтэйгээр, хэдэн жилийн хугацаатай хадгалж, үр шим, хүүгийн өгөөжийг хэрхэн хүртэх талаар, Ирээдүйн өв сангийн хуримтлагдсан хүүгийн өссөн дүнг хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэл рүү шилжүүлэх талаар хийгдсэн судалгаа, тооцоолол байгаа эсэх, энэ хөрөнгийг дотооддоо эргэлтэд оруулах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт ашиглах боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг арилжааны банкнуудын зээлийн хүү батлах аргачлалын талаар, зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан, авах арга хэмжээний талаар, арилжааны банкин дахь иргэдийн хадгаламжийн дундаж хугацааны талаар, арилжааны банкнууд дахь банк бус санхүүгийн байгууллага, ломбардад олгосон зээлийн хэмжээ, давтамж, ипотек, цалингийн зээлийн хураамжтай холбоотой шийдвэрийн талаар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадын тэтгэврийн зээл, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах институтийг хэрхэн байгуулах талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Бидний арга барил буруу тийшээ яваад байна. Утааг бууруулъя гэхээр яндан, зуух, түлш, дотоод орчны агаар шүүгчтэй ажилладаг. Зээлийн хүүг бууруулъя гэхээр бодлогын хүү яриад эхэлдэг. Зээлийн хүү бол эдийн засгийн суурь илэрхийлэл. Үүнтэй механикаар тэмцэх гээд тогтоол гаргаад байдаг ч үр дүн гардаггүй. Бодлогын хүү, инфляцын балансыг барьж явах нь хэцүү. Монголбанк монголын банкнуудыг төрөлжүүлэх талаар юу хийх вэ хэмээн асуусан. Мөн санхүүгийн салбар, банкны ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тодруулсан. Тэрбээр банк санхүүгийн салбарыг тойрч яриад байвал зээлийн хүү буурахгүй. Иргэд цалингийн зээлтэй, ахмадууд нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна гээд, санхүүгийн бусад эх үүсвэрийг татах чиглэлээр хэрхэн ажиллах вэ гэлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Манай улс 1991 онд Банкны тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төв банк, арилжааны банк хоёр нь нэг хуультай байсан бөгөөд 1996 Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хуультай болсон. Хоёр жилийн өмнө Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталж, үнэт цаасны зах дээр үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин бий болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг дотоодоос ч, гаднаас авах хүсэлт гаргаагүй байна байна. Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа 12 банк ижил үйл ажиллагаатай байгаа. Гадны орнуудад худалдааны банк, барилгын банк, замынх гэх мэт төрөлжсөн байна. Тэгэхлээр хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага гарна гэж банкны зүгээс харж байгаа. 2021 онд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад банкийг нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлж, нэг хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоогоод өгсөн. Үүний дагуу 2023 онд арилжааны таван банк хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Энэ шинэчлэлтийг үргэлжлүүлж зайлшгүй шаардлага байгаа ч хөрөнгийн зах дээрээс нэмж хөрөнгө босгох боломж нь гүйцсэн байна. Учир нь хувьцааны үнэ ханш хөдөлгөөнгүй болсон. Нэмж хувьцаа авъя гэсэн хүсэлт орж ирэхгүй байгаа. Тэгэхээр гадны зах зээл рүү гарахаар манай банкнууд бол Нью-Иорк, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид нэмж хувьцаа гаргахаар ажиллаж байна. Гадны хөрөнгө оруулагчид 20 хувь гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэрвээ хяналтын багц буюу Компанийн тухай хуульд заасан 33 хувийг авахгүй юм болмонголын банкнаас хувьцаа авах шаардлагагүй гэдэг. Тиймээс хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаач гэсэн хүсэлт тавьдаг гэлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Өр, орлогын харьцаатай холбоотой асуудлаа хэдхэн сарын дотор дахин дахин өөрчлөх нь зохисгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн банкны салбар богино хугацаатай, өндөр хүүтэй хэрэглээний зээл өгөх сонирхолтой. Хүү багатай урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл өгөх сонирхол бага, богино хугацааны өндөр ашиг боддог салбар болчихсон байна хэмээсэн. Тэрбээр, Бодлогын хүү аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ээлтэй байх, иргэд нь хэрэглээний зээлд дарлуулахгүй байлгахын төлөө Монголбанк мөнгөний бодлогоо чиглүүлж ажиллах учиртай. Засгийн газар төсвийн тодотгол хэлэлцүүлж байх үед өр, орлогын харьцааг өөрчлөх шийдвэр хэлэлцүүлж байгаа нь зөв шийдвэр эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Байнгын хороогоор хэлэлцсэн тогтоолын төсөлд хуулийн зөрчлүүд байгааг УИХ-ын дарга тодотгоод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг дахин хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаалаа.
Дэлхий нийтээр..
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.
Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.
Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.
Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
