Үйл явдал
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Ховд, Дундговь, Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
2025 оны гуравдугаар сарын 26-наас 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 29-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2021/05/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
-
Дэлхий нийтээр..2024/07/17
Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна
-
Хэн юу хэлэв...2022/08/30
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын гишүүдийг сонгохдоо парламентын засаглалын мерит з...
-
Дэлхий нийтээр..2023/02/15
О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
