Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай байна.
2025 оны хоёрдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 26-наас 03-р сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи 26-27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Үйл явдал
Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3815, Баянгол дүүргийн 1185 өрхийг хийн халаалтад бүрэн шилжүүлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар олон улсын стандарт шаардлага хангасан, хийн найрлага тодорхойлох лабораторийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд анхдагч бөгөөд бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан тодорхойлж байна” гэв.
Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуух суурилуулж байна. Тус зуух нь олон улсын NFPA стандартад нийцсэн, хий алдагдахаас урьдчилан сэргийлэх хамгаалалттай, аюулгүй ажиллагааны өндөр түвшний шийдэлтэй, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай аж.
Төслийн хүрээнд хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна. 2026 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын 17-ныг хүртэл 11,365 баллон эргэлтэд оруулж, 308.4 тонн хийн түлш борлуулжээ.
Мөн 2025 оны арванхоёрдугаар сараас хойш нийт 2080 тонн шингэрүүлсэн нефтийн хий импортолсон байна. Тус хий нь 98.8 хувийн цэвэр пропан хий юм.
Үйл явдал
Шархад дэд төвд 338 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттайгаар барихаар төлөвлөжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шархад дэд төвд хэрэгжиж буй ногоон орон сууцны төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр ажиллалаа.
Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт гурван га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хороолол байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах юм. Төслийн нийт орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Шархад дэд төвд баригдаж буй эхний ээлжийн дөрвөн блок, 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн хоёрдугаар ээлжийн зургаан блок, 228 айлын ногоон орон сууцны барилга угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр орон сууц хамгийн орчин үеийн EDGE стандартаар баригдаж байгаагаараа онцлогтой. Төслийн явцад тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ” гэв.
Тэрбээр мөн ногоон орон сууцны төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын 8000 өрхийн яндан, 5000 айлын нүхэн жорлонг цэгцлэх ач холбогдолтойг онцоллоо. Түүнчлэн орон сууцны айл бүрд дулааны тоолуур суурилуулах бөгөөд ингэснээр дулааны хэрэглээг багасгаж, эрчим хүч хэмнэх давуу талтай аж.
Шархад дэд төвийн хүрээнд баригдаж буй орон сууц, худалдаа үйлчилгээний талбай нь олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангаж, гэрчилгээ авчээ. Уг барилга нь бусад барилгатай харьцуулахад эрчим хүчийг 25 хувиар хэмнэх тооцоотой. Мөн усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байх юм.
Ингэснээр оршин суугчид ашиглалтын зардал багатай үл хөдлөх хөрөнгийн эзэд болно гэж үзэж байна.
Үйл явдал
Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын барилгын ажил гурван байршилд үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл нийслэлийн гурван байршилд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нэгдүгээр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж буй Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн явган хүний болон дугуйн замын ажил бүрэн дуусжээ. Мөн нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрийн шон, суурийн ажлыг бүрэн гүйцэтгэж, одоогоор гүүрийн металл хийцийн угсралтын бэлтгэлийг хангаж байна.
Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын саатлыг бууруулах ач холбогдолтой.
Хоёрдугаар байршил болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох бөгөөд 28 метр урт, таван метр өндөр туннель, 1.48 км урт авто зам, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь байгуулна.
Нүхэн гарц ашиглалтад орсны дараа хоногт дунджаар 27.5 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай болж, нийслэлийн баруун бүсийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах боломж бүрдэх юм.
Гуравдугаар байршил болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт хэрэгжиж буй нүхэн гарцын барилга угсралтын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр замын доогуур урьдчилан бэлтгэсэн төмөр бетон байгууламжийг түлхэж суурилуулах box jacking технологийн үндсэн ажлыг бүрэн дуусгажээ. Одоогоор авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлууд үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд төмөр замын гармууд хаагдах үед үүсдэг саатал авто замын хөдөлгөөнд томоохон хүндрэл учруулдаг. Шинээр баригдаж буй нүхэн гарцууд ашиглалтад орсноор төмөр замын гармын хүлээлт багасаж, баруун бүсийн авто замын сүлжээний уялдаа холбоо сайжрах юм.
Мөн автомашин, явган зорчигч, дугуйтай иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж, иргэдийн зорчих нөхцөл илүү хүртээмжтэй болохоос гадна хотын түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
-
Тод зураг2020/03/02
Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2025/06/13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/
-
Дэлхий нийтээр..2021/10/21
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэ...
-
Үйл явдал2024/08/07
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 29 гомдол, мэдээллийг хянан шалгав
