Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Г.Довчиндорж: Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа үржилд ордог

Огноо:

,

Сэтгүүлч:

“Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 9  буюу маргааш болно. Мазаалай баавгайн хамгааллын талаар “Говийн гайхамшигт амьтад” ТББ-ын тэргүүн амьтан судлаач, экологич Г.Довчиндоржтой ярилцлаа.

-Мазаалай баавгайн хамгааллын ажил хэр хийгдэж байна. Одоо тоо толгой хэд орчим байгаа вэ?

-Мазаалай баавгай монгол орны нэн ховор амьтан. Анх шинжлэх ухаанд нээгдэж, манай оронд мазаалай гэдэг амьтан байгаа гэдгийг мэдсэнээс хойш албан ёсоор нэг л удаа тооллого зохион байгуулсан. Энэ тооллогын 2004 онд хийж, 20-22 мазаалай байна гэсэн тоо гарч байв. Бусад тоон мэдээлэл нь тооллогын үр дүн гэхээс илүү судлаачдын урт хугацааны ажиглалт, дэвшилтэд технологи ашигласан судалгааны үр дүнгүүд юм. Судлаачдын тоо харилцан адилгүй байдаг нь тэдний хэрэглэж байгаа арга зүйтэй холбоотой. Зарим нь ул мөрөөр, биеэр үзэгдсэн байдлыг үндэслэж гаргасан тоо байхад, зарим нь автомат камерын судалгаанд үндэслэж гарсан байх жишээтэй. Хамгийн сүүлд Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай хамтарч мазаалай хамгаалах чиглэлээр ажилласан судалгааны багийн 2022 онд гарсан тоогоор 52-55 мазаалай баавгай байна гэж бүртгэгдсэн. Энэ тоог мазаалайн үсний дээжийг урхи ашиглан цуглуулж, генетикийн мэдээлэл ялгаж гаргасан байдаг. Ийм мэдээллээр хэчнээн баавгай байгааг мэдээд зогсохгүй тэдгээрийн нас, хүйс, удам төрлийн холбоог тодорхойлох боломжтой. Байгаль хамгааллын хувьд мазаалай баавгайн тоо толгой хэд байгаа нь номер нэг чухал асуудал биш. Харин тухайн популяци хэр эрүүл бүтэцтэй байгаа нь өөрөөр хэлбэл эр, эм бодгалийн болоод эх төлийн тооны харьцаа хэр зөв байгаа эсэх нь илүүтэй сонирхол татдаг.

-Манай улс мазаалай баавгай хамгаалах тал дээр ямар ямар чухал ажлууд хийж байсан бэ?

Мазаалай баавгай болон хавтгай тэмээний амьдрах орчныг хамгаалах зорилгоор Говийн Их Дархан Цаазат Газрыг А, Б хэсэгтэйгээр 1975 онд байгуулсан. Ирэх жил 50 жилийн түүхэн ой тохионо. Тус дархан газар нь хамгаалж буй нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд эхний 15 -д багтдаг. Энэ бол миний бодлоор мазаалай хамгаалах талаар монголын төрөөс авч хэрэгжүүлсэн хамгийн далайцтай ажлын нэг байх. Дараа нь 1987 оноос мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажлыг хийж эхэлсэн. Ингэснээр ган гачигтай жилүүдэд баавгайг өлбөрч үхэхээс сэргийлэхэд чухал ажил болж чадсан. Мөн мазаалай амьдарч байгаа бүс нутагт ус цэгийн тоог нэмэгдүүлэх, шинээр гаргах, хөв байгуулах гэх мэт биотехникийн шинжтэй ажлууд олноор хийгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд автомат камерын судалгааг түлхүү хэрэглэж байгаа.

-Ховор амьтдыг өсгөж үржүүлэх, хамгаалах ажлыг хэрхэн хийж байж, тоо толгойг нь нэмэгдүүлэх вэ. Судалгааны ажил хийгдэж байгаа юу?

-Мазаалай дэлхий дээр байгаа бусад баавгайн зүйлүүдтэй харьцуулахад говь цөлд амьдардгаар онцлогтой. Мөн тоо толгойн нэн цөөн. Манай орны хувьд мазаалай баавгайг 2023 онд “Монгол орны бахархалт амьтан” болгож зарласан. Манай улсын хууль эрх зүй болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор эрх зүйн хувьд нэлээд сайн хамгаалагдсан.

Судалгааны тухайд сансрын болон радио дохиолол бүхий хүзүүвч зүүх ажил хийгдэж байгаа. Одоогоор 30 орчим мазаалайд хүзүүвч зүүж мэдээлэл цуглаад байна. Сүүлийн 2 жилд  хоёр мазаалай баавгайд шинээр хүзүүвч зүүсэн. Мөн автомат камер, генетикийн судалгаанууд хийгдэж байгаа.

 -Тоон толгойн яагаад өсөхгүй байна вэ?

-Байгаль дээр үржил явагдсаар байгааг автомат камер болон шууд ажиглалтаар бүртгэж байгаа бамбаруушнууд харуулж байна. Жил бүр шахуу нялх бамбарууш автомат камерт бүртгэгддэг.

Өөрөөр хэлбэл төл бол авч  байгаа. Гэвч тухайн бамбаруушнуудаас хэчнээн нь 2-3 нас, цаашлаад  бие гүйцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Баавгай төрлийн амьтад бага насандаа их хорогддог судалгаа бий.   Үнэндээ бол мазаалай баавгайн тоо толгой бидний хүссэн шиг өсөөгүй байна. 

Цаашид бид энэ ховор амьтны тоо толгойг өсгөе гэвэл хамгаалалын шинэ менежмент авч хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу гэж судлаачдын хувьд үздэг.Сүүлийн жилүүдэд хийгдсэн генетикийн судалгааны үр дүнгээс харахад мазаалай баавгай цөөн тооны бодгалиудад цус ойртолт маш өндөр гарсан байдаг. Цус ойртолт их байгаа нь нялх төлийн мэнд үлдэлтэд сөргөөр нөлөөлж магад учир түүний цусыг сэлгэх хэрэгтэй болов уу. түүний хамгийн ойрын цусан төрөл нь Гималайн хүрэн баавгай гэсэн судалгааны үр дүн ч бий. Энэ ажлыг лабораторийн нөхцөлд эсвэл тусгай бэлтгэсэн зориулалтын орон зай үүсгэж туршиж үзэх боломжтой. Онолын болон процессын хувьд бүрэн боломжтой гэж бодож байна.

БААВГАЙН ТӨРЛИЙН АМЬТДЫН ЭМЭГЧИНҮҮД ХОЁР ЖИЛД НЭГ УДАА ҮРЖИЛД ОРДОГ

-Таны ярианд баавгай бага насандаа хорогдох тохиолдол байдаг гэлээ. Шалтгааныг судалж байгаа юу?

-Ер нь энэ амьтны талаар маш олон зүйлийг бид одоог хүртэл таньж мэдээгүй байна. Судлахад ч тийм хялбар амьтан биш. тун цөөхүүлээ, алс зэлүүд газар амьдардаг. Судлаачдын ажиглалт, судалгааны үр дүн болон бусад баавгайн зүйлүүд дээр хийсэн үр дүнгээс харахад нялх төрлийн хорогдол өндөр байдаг гэдгийг түрүүн дурдсан. Үүнд зан төрхийн нөлөө  ч байгаа байх.

Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа үржилд ордог. Бамбаруушаа хоёр жил дагуулж өсгөдөг. Мал шиг жил бүр төллөдөггүй гэсэн үг. Үржилд орох нас бас хожуу. Гэтэл эр баавгайн хувьд жил бүр ороо ордог. Энэ үед эр баавгай нялх бамбарууштай эмэгчинтэй таарвал түүний үр төлийг устгадаг. Хэрэв нялх бамбаруушийг үгүй хийвэл эмэгчин баавгай тухайн жил дахин үржих боломжтой болно.

Эр баавгайны хувьд өөрийнхөө үр төлийг үлдээх нь хамгийн чухал. Арсланд ийм зан төрх байдгийг хүмүүс их сайн мэддэг дээ.Нөгөө талаараа Алтайн өвөр говийн байгалийн нөхцөл эрс тэс. Бага залуу амьтан дасан зохицож амьдрахад хүнд. Мазаалай баавгайн бамбарууш хоёр нас хүрээд эхээсээ салж, бие даан амьдарч эхэлдэг. Энэ үед аль ч төрлийн амьтанд хорогдол их гардаг. Учир нь эхийн хамгаалалт, нөмөр байхгүй болно гэсэн үг. Бие дааж хоол ундаа идэх чадвар дадлаас болдог байж болно.

-Манай оронд мазаалай баавгайг нутагшуулах ажил хийгдэж байсан уу?

-Одоогийн байдлаар тийм ажил хийгдээгүй. Харин мазаалай баавгайн үржүүлэх ажлыг хийх гэж оролдож байсан түүх бий. 2000 оны эхээр монголд анх мазаалай баавгай үржүүлэх төвийг ГИДЦГ-ын А хэсгийн орчны бүсэд байгуулж байсан. Байшин сав, хашаа хороо нь одоо хүртэл байгаа. Гэвч үржүүлгийн төвөө байгуулсан боловч баавгайгаа барьж авчраагүй.

-Яагаад?

Тухайн үед бидний зөвлөгөө авч байсан олон улсын судлаачид “мазаалай баавгайн талаар хангалттай мэдлэг мэдээлэл цуглаагүй гэж үзсэн. Иймд шууд байгалиас зэрлэг амьтныг авч ирээд үржүүлгийн төвд тэжээх нь өөрөө эрсдэл ихтэй гэж үзээд болгоомжилж энэ ажил зогссон.

-Одоо хийх боломжтой юу?

-Тухайн үед барьсан байшин барилга, хашаа саравчны тухайд бол 20 гаруй жил болсон учраас хуучирсан. Тэгээд ч өнөө үеийн амьтан үржүүлэх, өсгөх орчны стандарт шаардлагад нийцэхгүй болсон.

-Мазаалай баавгай ихэвчлэн хаагуур нутаглаж байна вэ?

-Мазаалай баавгайн тархац Монгол орны баруун өмнөд хэсэгт Говь-Алтай, Баянхонгор аймгийн хил залгаа таван сумын нутгийг дамнан оршдог. Үүнд: Говь-алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумд хамрагдана. Сүүлийн үеийн хүзүүвч зүүсэн мазаалай баавгайн мэдээллээс харахад тархац нь зүүн тал руу буюу Өмнөговь аймгийн баруун хэсэгт нэлээд гүн явсан үр дүн харагдаж байгаа.

Баавгай хоёр нас хүрээд өөрөө бие дааж амьдарч эхлэхдээ өөрийн эзэмшил нутгаа тэлэх оролдлого хийдэг бололтой. Хэдэн жилийн өмнө Говь -Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт мазаалай баавгай тохиолдож байв. Энэ нь үндсэн байршлаас 150-200 км-ын алсад явж байсан гэсэн үг. Мөн хүзүүвч зүүсэн баавгай улсын хил давж байсан тохиолдол ч гарч байсан.

МАЗААЛАЙ БААВГАЙ БАЖУУНА БУЮУ НАМХАН ГИШҮҮН ГЭДЭГ УРГАМЛЫН ҮНДСЭЭР ИХ ХООЛЛОДОГ

-Мазаалай баавгай голчлон юугаар хооллодог вэ?

-Баавгай төрлийн амьтад ангилал зүйд хувьд махчид. Гэхдээ идэш тэжээлийн хувьд холимог идэштэн. Мазаалай баавгай бажууна буюу намхан гишүүн гэдэг ургамлын үндсээр их хооллодог. Энэ ургамал түүний идэш тэжээлийн 60 орчим хувийг эзэлдэг. Дараагийн чухал хоол нь хармаг юм. Говийнхон их сайн мэднэ. Энэ ургамлын жимсээр түлхүү хооллодог. Мөн хөмүүл, зээргэнэ, хялгана, сухай зэрэг ургамлаар хооллодог. Тэр болгон амьтан барьж иддэггүй. Баавгайд баригдах амьтан ч ховор. Цөөхөн тохиолдолд жижиг мэрэгчид, шувуу, өндөг, гүрвэл, могой, царцаа бусад шавьж зэргээр хооллодог гэсэн судалгаа бий. Мөн хааяахан ховор тохиолдох сэг зэмээр хооллосон байдаг.

–Сүүлийн үед мазаалай хамгаалах тал дээр ямар ажлууд хийгдсэн бэ?

-Монгол улсын Засгийн газраас 2023 онд мазаалай баавгай “Үндэсний бахархалт амьтан” –аар  зарлаж 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгосон.  Энэ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд ажлын хэсэг байгуулан олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Тухайлбал,

  • Мазаалай баавгайн тухай богино хэмжээний шторкуудыг бэлтгэн телевизүүдээр цацаж эхлээд байна.
  • Мазаалай баавгайн нутгаар аялсан нь хүүхдэд зориулсан комикс ном гаргалаа
  • Мазаалай баавгайн тухай баримтат кино хийгдэж байна
  • Мөн судалгааны ажлыг дэмжих зорилгоор нэмж автомат камер худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
  • Хамгийн ойрын ажил гэвэл 12.09  өдөр болох “Мазаалай баавгайн судалгаа хамгаалал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа
  • Хуралд мазаалай баавгайн тухай 10 орчим илтгэлийг үндэсний судлаачид болон АНУ, БНХАУ-ын судлаачид хэлэлцүүлнэ.

хурлын үйл ажиллагаа онлайнаар шууд олон нийтэд хүрэх тул эндээс иргэд мазаалай баавгайн тухай шинэ соргог мэдээлэл авах бүрэн боломжтой.

-Хурлаас ямар үр дүн гарахыг хүлээж байна вэ?

Бид үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайн талаарх мэдлэгээ хуваалцах сайхан завшаан болно. Нөгөө талаар цаашид төрөөс авч хэрэгжүүлэх хамгааллын төлөвлөгөөг гаргахад хуралд оролцож буй эрдэмтэн судлаачид, иргэний нийгэмийн төлөөлөл, олон нийтийн саналыг авах сайхан боломж бүрдэнэ гэж найдаж байна.

Танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал2026/09/01

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Санал болгох