Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Д.Амарбаясгалан: Анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь Монголын тусгаар байдал, ард түмний засаглах хувь заяаг шийдсэн түүхэн үйл явдал байв

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үг

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, төрийн түшээд ээ,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,   

Өнөөдөр бид Монгол Улсынхаа түүх, төрт ёсны уламжлал, төрийн байгуулалтыг хүндэтгэн 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг эргэн санаж Монгол Улсын ирээдүйг хамтдаа бүтээх нэгэн зорилго өвөрлөж чуулж байна.

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Дэлхийд суу алдараа бадраасан 2200 гаруй жилийн төрт ёсны уламжлалтай тусгаар Монгол Улс түүхийн ээдрээ нугачааны зурваст тусгаар байдлаа алдсан хэдий ч эх орныхоо цэц эрдэмт төрийн түшээд, эрэлхэг зоригт тэмцэгчдийн ач гавьяагаар тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхийг бид үеийн үед санаж энэ улсынхаа тусгаар тогтнол, ард түмэн засаглах ёсыг нандигдан хамгаалах ёстой билээ.

1911 онд Монгол үндэстэн даяар өрнөсөн хувьсгалын үрээр тусгаар тогтнолоо дахин олж тунхагласан Монгол Улс түүнийгээ цааш хадгалах, бэхжүүлэх нь тухайн цагийн дотоод, гадаад олон хүчин зүйлээс хамаарч байлаа. Тэр цаг үеийн Манж Чин улсын уналт, Орос дахь хувьсгал, Европ тивийн улсуудын зөрчилдөөн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, гүрэн хоорондын нууц холбоо хэлэлцээр, олон улсын хуваагдал, шинэ хүчний үүсэл зэрэг геополитикийн өөрчлөлтийн бэрхшээлтэй нөхцөл дунд Монгол Улс ард түмнийхээ өөртөө бүрэн засаглах эрхийг тунхаглаж чаджээ.

1921 оны Ардын хувьсгалын дүнд ардын эрхт Засгийн газар байгуулагдаж, хэмжээт эрхт хаант төрийг тогтоосон нь эрт, эдүгээгийн уламжлалыг орчин цагийн төр улсын тогтолцоотой хослуулсан боломжит хувилбар байв. Харин Богд хаан тэнгэрт дэвшсэнээр энэ тогтолцоо цаашид хэрэгжих боломжгүйд хүрч, төрийн дээд эрх ард түмэнд буюу түүний төлөөлөгчдөөс бүрдсэн Улсын Их Хуралд шилжиж, Бүгд Найрамдах засаглалаа бүрэн утгаар тунхагласан түүхтэй.

Ийнхүү одоогоос 100 жилийн өмнө Монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан билээ.

Хуудас бүрд нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” дарсан анхдугаар Үндсэн хуулийн эх бичиг эдүгээ үндэсний архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталсан үйл явц нь хууль тогтоох үйл ажиллагаа байсны зэрэгцээ Монголын тусгаар байдал, ард түмний засаглах хувь заяаг шийдсэн түүхэн үйл явдал байлаа.

Олон ургалч үзэл бодлоор асуудалд хандах нь орчин цагийн Үндсэн хуулийн мөн чанар боловч энэ нь 1924 оны Үндсэн хуулийн зөвхөн саарыг нь өлгөж, сайныг нь огоорч, эсхүл дан ганц эергийг нь харж, сөргийг нь орхино гэсэн үг биш ээ. Харин авах гээхийн ухааныг эн тэнцүү хослуулж, улс орны цаашдын хувь заяанд гүйцэтгэсэн бодит гавьяаг хүндэтгэхийн зэрэгцээ үлдээсэн сургамжийг үеийн үед санаж, давтагдахаас сэргийлж явах ёстой.

Түүнчлэн өнөөдөр бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн утга агуулгыг орчин үеийн Үндсэн хуулиудын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудтай харьцуулан жишихийг урьтал болголгүй, уг баримт бичгийн Монголын ард түмний бүрэн эрхт засаглал, үндэсний эрх зүйн тогтолцооны цогц байдлыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон санах учиртай.

Анхдугаар Үндсэн хуулийн төр, эрх зүйн ач холбогдол нь хаант ёсыг ард түмний засаглал болгон сольж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарласанд оршино. Үүний зэрэгцээ монголчууд түүхэн хүнд бэрх цаг үед анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь энэ баримт бичгийн үнэ цэнийг улам тодотгож байна.

Анхдугаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.” гэжээ. Энэ заалт нь монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, төрийн эрх мэдлийг ард түмний гарт тайван замаар шилжүүлж, эрх чөлөөтэй амьдрах эрхээ эдлэх Үндсэн хуулийн баталгааг бий болгосон эрх зүйн нотолгоо мөн.

1924 оны Үндсэн хуулиас өмнө Богд хааны зарлигаар гадаад улсуудын хуулийг орчуулж, үндэсний онцлог, уламжлал болон өрнө, дорнын төрийн байгуулалтын шинэлэг зүйлсийг хослуулахыг эрмэлзэж байсан нь түүхийн архивт баримт болон үлджээ. Үүний нэгэн жишээ нь Богд хаан 1914 оны 2 дугаар сарын 30-ны өдөр зарлиг буулгаж Улсын Дээд ба Доод Хурлыг байгуулж, дэлхий дахинаа янз бүрийн улсууд улсын хурал байгуулж, төлөөний хүн илгээн улсынхаа амьдралыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа тул Монгол Улсдаа ийнхүү байгуулж байгаа тухай дурдсан байдаг.

Энэхүү төлөөллийн байгууллагын ерөнхий тогтолцоог анхдугаар Үндсэн хуульд уламжлан шингээж Дөрөвдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино.” гэж тусгасан. Ийнхүү ард түмэн засаглах эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох сонгуульт байгууллагын тогтолцоо нэвтэрсэн нь өнөө цагийн парламентын зарим шинжийг агуулж байв.     

Нэгэн зууны тэртээх энэхүү Үндсэн хуулиар худалдаачид, ван, гүн, хутагт, лам нарын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан зэрэг хожим хойно засаж залруулсан дулимаг заалтууд байсны зэрэгцээ орчин цагт бидний эдэлж буй олон үндсэн эрхийн суурь тавигдсаныг онцлон дурдъя. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, шашин ба төрийн үйл хэргийг тусдаа буюу шашин шүтлэгийн эрх чөлөөтэй байх, эрдэм боловсролд үнэ төлбөргүй суралцах эрх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх эрх чөлөө зэргийг хуульчилсан нь эдгээр эрхийн цаашдын хөгжилд түлхэц болсон нь дамжиггүй.

Ардчилсан Үндсэн хуульд буй ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх зохицуулалтын агуулга нь зуун жилийн өмнөх Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлцэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно.” гэж тусгалаа олж байсныг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.

Үүнийг 1992 оны ардчилсан Үндсэн хуульд уламжлан авч хөгжүүлэн, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр агуулгыг нь хөгжүүлж байгалийн баялгийг одоо ба ирээдүй үеийн тусын тулд урт хугацааны, тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан ашиглах, үр өгөөжийг ард түмэн хүртэх, иргэдэд өмчлүүлснээс бусад баялаг төрийн нийтийн өмч байх баталгааг бүрдүүлээд байна. 

Ийнхүү монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азид Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж тэргүүлж хөтөлсөн түүхтэй.

Монгол Улс энэ зуун жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн гэдгийг цохон тэмдэглэе.

Тиймээс Монгол төрийн үндсэн хуульт ёсны хөгжилд анхдугаар Үндсэн хуулийн  оруулсан хувь нэмэр, ард түмэн засаглах Бүгд Найрамдах улсын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэн Монгол Улсын Их Хурал 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоол гаргаж энэхүү үйл явдлыг улс орон даяар утга төгөлдөр тэмдэглэхээр тогтоосон. 

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон нийтийг хамарсан болон төрт ёсны хүндэтгэлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Тухайлбал, анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан бүтээлийг хэлэлцсэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг судалгааны хүрээлэн, эрдэмтэн судлаачдыг хамруулан зохион байгуулж түүх, архивын эх сурвалжийг эргэлтэд оруулах ажлыг идэвхжүүлсэн нь сайшаалтай.

Түүнчлэн залуу хойч үеийнхэнд анхдугаар Үндсэн хуулийн түүхэн утга учрыг бодитойгоор таниулан ойлгуулах зорилгоор уран бүтээлчид баримтат бүтээлүүдийг туурвиж, анхдугаар Үндсэн хуулийг хэрхэн боловсруулж, баталж байсан талаарх архивын сан хөмрөгийг нийтэд дэлгэн харуулах ажлыг хэрэгжүүлсэнд талархаж байна. 

Эрхэм нөхөд өө,

Ардчилсан Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь парламентын дархлааг нэмэгдүүлэх, төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентат ёсыг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж өнөөдөр Улсын Их Хуралд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл хангагдах нөхцөл бүрджээ.

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойллоо.

Ингэснээр Улсын Их Хурал хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавин ажиллана.

Монгол Улсын Их Хурал өнөө цагийн Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн  түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг төрийн байгууллагууд цаашид мөрдлөгө болгон ажиллах шаардлагатай.

Бид өнөөдөр Бүгд Найрамдах Улсыг тунхагласан анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид бүгд найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх санаа зорилго нэг байгаа гэдэгт итгэл дүүрэн байна.

Өнөөгийн бидний үүрэг бол эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө эв эеийг эрхэмлэж, хариуцлагатай байх явдал билээ.

Монгол Улсын энэ цагийн Үндсэн хуулийг бүрнээ хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хуулийг дээдэлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт улам бүр шамдахын ерөөл дэвшүүлье.

Та бүхэндээ Монгол Улсын анхны Үндсэн хуулийн 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

2024.11.26

Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал10 цагын өмнө

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал10 цаг 9 минут

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал10 цаг 21 минут

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал10 цаг 27 минут

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал10 цаг 29 минут

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал10 цаг 33 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал10 цаг 36 минут

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал10 цаг 40 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Үйл явдал2026/08/31

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/08/31

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Үйл явдал2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/08/28

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Дэлхий нийтээр..2026/08/28

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг ал...

Үйл явдал2026/08/28

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг...

Үйл явдал2026/08/28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ...

Үйл явдал2026/08/28

Ерөнхий хяналтын сонсгол болно

Үйл явдал2026/08/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/08/27

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх тала...

Үйл явдал2026/08/27

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт...

Үйл явдал2026/08/27

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Дэлхий нийтээр..2026/08/27

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Дэлхий нийтээр..2026/08/27

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Үйл явдал2026/08/27

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Санал болгох