Үйл явдал
Их, дээд сургуульд элсэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэхийг үүрэг болгов
Боловсролын сайд 2024 оны долоодугаар сарын 22-ны өдөр анхны шуурхай хурлаа зарлан хуралдуулсан байна. Тус хурлаар боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, Монгол Улсын засгийн газрын хуралдаанд танилцуулах түвшинд бэлтгэх чиг үүргийг холбогдох газар, газрын дарга нарт үүрэг болгов.
Үүнд:
- Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр их, дээд сургуульд элсэх “босго оноо”-г үе шаттай нэмэгдүүлэх,
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн төрийн өмчийн их, дээд сургуульд зарим мэргэжлийн квотыг бодлогоор нэмэгдүүлэх,
- Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20% орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллах,
- Төрийн өмчийн их, дээд сургуулийн академик үйл ажиллагааг бие даалгаж, төгөлдөржүүлэхэд бодлогоор дэмжих,
- Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулж, хүнээс үл хамааран ажиллах журмыг шинэчлэх,
- Ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх,
- Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөр шинэчлэл дээр салбарын шүүмж, зөвлөмж тал дээр идэвхтэй ажилладаг мэргэжилтнүүдийг орж ажиллах боломжийг нээж өгөх,
- Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих (одоо өдрийн 3000₮), тус нэмэгдүүлэх дүнг эцэг, эхчүүд хуваалцдаг болох хуулийн заалтыг хэрэгжүүлэх,
- Багш, сургалтын ажилтнуудыг хамран сургах тойрогт сэлгэн ажиллуулах,
- Багшийн цалин, гүйцэтгэлийн үнэлгээнд багш өөрөө оролцдог системийг нэвтрүүлэх,
Боловсролын яаманд ирсэн болон сайдын цохсон бичгүүдийн хариуг маш богино хугацаанд өгч байх, ер нь ажлын хурдаа эрс нэмэгдүүлж, хамтын үр дүнг сайжруулахад анхаарч ажиллах зэргийг онцлов гэж Болорвсролын яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2020/11/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2024/10/25
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/05/27
Сүрьеэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө
-
Дэлхий нийтээр..2020/04/27
Хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүллээ
