Дэлхий нийтээр..
Монгол Ардын намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдэд иргэд итгэл үзүүлэхээ илэрхийллээ
Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн Xll тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үргэлжлүүлж иргэд, сонгогчидтой уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж харилцан яриа өрнүүллээ.
Тус хорооны оршин суугчид нэр дэвшигчдээс нийтэд тулгамдаад байгаа хэд хэдэн асуултад хариулт авч, саналаа хэллээ. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн асуудал болон хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг яаж бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар асууж, цаашид анхаарах хэд хэдэн асуудал байгааг хөндөв.
Тухайлбал, Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд хаяглан хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчныг бий болгоход анхаарч, барилга байгууламж их баригдаж зам талбайгүй болж байгаа энэ үед дахин нэмж барилга бариулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Нэр дэвшигч, хүний их эмч Т.Мөнхсайханы хувьд эрүүл мэндийн салбарт их зүйл хийсэн. Ковидын хүнд үед ЭМЯ-ыг удирдаж, амжилттай ажилласан байдаг. Эмнэлгүүдийн менежментийг сайжруулах, тусламж үйлчилгээг ойртуулах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр нэлээд ажилласан.
Харин эмэгтэй хүний хувьд нийгмийн асуудалд илүү анхаарахыг нэр дэвшигч Л.Нинжжамцаас иргэд хүсэж байлаа. Олон жил хүлээгдэж байгаа Гэр бүлийн тухай хуулийг батлуулахад анхаараарай гэж захиж байв.
Ийнхүү санал бодлоо хуваалцсан иргэдийн олонх нь Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг “Багаараа сонгогдож төрд гарсныхаа дараа эргэх холбоотой байгаарай, иргэдтэйгээ уулзаж ойр байгаарай” хэмээгээд сонгосон ард түмнийхээ төлөө болон улс эх орны хөгжил цэцэглэлтэд илүү их үнэтэй хувь нэмэр оруулахыг захиж байлаа. Саналаа хэлсэн иргэдийн олонх нь "МАН-аас нэр дэвшиж байгаа, улс төрд бэлтгэгдсэн, улсын бодлого тодорхойлох гурван залууг дэмжинэ” гэв.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дүүргийн хөрөнгөөр шинээр өрхийн эмнэлэг, хорооны байр баригдаж ашиглалтад орсон байна. Харин энэ жил шинэ цэцэрлэг, 130 дугаар сургуулийн баруун талд хүүхдүүдэд зориулсан биеийн тамир, спортын талбай баригдахаар газрын асуудал нь шийдэгдэж, тендер нь долдугаар сарын 3-ны өдөр зарлагдаж, есдүгээр сарын 1 гэхэд энэ ажил нь дуусч, тус сургууль хөлбөмбөг, тоглоомын талбайтай болох юм.

Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна
АНУ, Иран болон Оман улс дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал усан замын нэг болох Ормузын хоолойг дахин нээх тохиролцоонд ойртож байгаа талаар албаныхан мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоог ойрын хугацаанд зарлаж магадгүй гэж мэдэгдсэн бол Иран хэлэлцээ эцсийн шатандаа орсныг мэдээлжээ.
Гэвч талуудын хооронд хэд хэдэн гол асуудлаар санал зөрүү хэвээр байна. Иран АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн хоригийг цуцлахыг шаардаж байгаа бол АНУ үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн усан замаар зорчих хөлөг онгоцны зохицуулалт, үйлчилгээний төлбөрийн асуудал хэлэлцээний гол сэдэв хэвээр байгаа аж.
Хэлэлцээрийн төсөлд Персийн булан руу нэвтрэх хөлөг онгоцыг Ираны тал, булангаас гарах хөдөлгөөнийг Оманы тал зохицуулах хувилбар тусгагдсан талаар мэдээлжээ. Харин үйлчилгээний төлбөр авах асуудал дээр талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.
Ормузын хоолой дахин нээгдсэнээр дэлхийн газрын тосны нийлүүлэлт хэвийн болж, эрчим хүчний зах зээлд үүсээд буй дарамт буурах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэвч бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжоогүй бөгөөд хэлэлцээр эцэслэн батлагдах хүртэл тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа юм.
