Дэлхий нийтээр..
Зүүн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бэлэн учраас Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Тэд Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан сумын иргэдтэй уулзсан юм.
Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн онцлог, зүүн бүс нутгийг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх шийдэл, Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотойг дурдаад гурван аймгийг салангиад байдлаар бус бүс нутгийн хэмжээнд том бодлогоор хөгжүүлэх боломжууд, энэ хүрээнд Дорнод аймагт хийж, хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг танилцуулав.
Чулуунхороот суманд зүүн бүсийн хилийн “0” тоот багана болон Эрээнцав боомт байрладаг. 100 гаруй мянган га нутагт Монгол дагуурын дарцан цаазат газар, нэн ховор шувууд, эртний хэрэгсүүрүүд байдаг. Иймд МАН-ын хөтөлбөрт тусгасан түүхэн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалын хүрээнд тус сумыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх заалт тусгагдсан.
Орон нутгийн иргэд Ерөнхий сайдыг цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг давахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа боомтын сэргэлтийг санаачлан эхлүүлсэн нь зоригтой, зөв зүйтэй алхам болсон гэдгийг хэлж байлаа. Энэ талаар УБТЗ-ын Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Батбадар “Баянтүмэн тасаг 85 жилийн түүхтэй. Эрээнцав-Баянтүмэн өртөө 238 км гол замыг хариуцан урсгал засвар, их засвар хийж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаснаар Эрээнцав боомтоор экспорт, импортын тээврийн ажлыг зохион байгуулдаг. Таван өртөө, гурван зөрлөгтэй. Босоо чиглэлийн төмөр замтай холбогдохын тулд иж бүрнээр нь хүччүүлж засах шаардлагатай. УБТЗН-ээс ТЭЗҮ боловсруулж хүргүүлсэн” гээд босоо тэнхлэгийн төмөр замтай холбогдож, боомтын үйл ажиллагаа өргөжсөнөөр иргэдийн аж амьдралд цаашлаад улс орон, аймаг, сумды хөгжилд өндөр ач холбогдолтойг хэлэв.

Манлайбаатар Дамдинсүрэнгийн төрсөн нутаг Гурванзагал сумын хувьд буриад, барга, халх, дөрвөд зэрэг олон ястан амьдардаг онцлогтой. Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман айлын орон сууц, 250 хүний суудалтай Соёлын төв ашиглалтад орсон байна. Мөн аймаг, орон нутгийн санхүүжилтээр сургуулийн дотуур байр, эмнэлгийн засвар хийгдэж байна. Цаашид бүсийн хөгжлийн дагуу мал аж ахуйд түшиглэж хөгжих боломжтой. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 10 хоршоо байгуулагдсан. Үүнээс дөрөв нь 200-400 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Чойбалсан суманд хилийн Хавирга боомт байрладаг. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй бөгөөд зудын улмаас 33 мянган толгой мал хорогджээ. Иймд иргэд, малчид нэгдэж малынхаа таваарлаг байдлыг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэх, малын хашаа хорооны стандарт, өвс тэжээл бэлтгэх, хоёрдогч түүхий эд боловсруулах чиглэлээр найман хоршоо байгуулжээ. Одоогийн байдлаар 17-57 хүнтэй хоёр хоршоо 360-510 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Дорнод аймгийн Сэргэлэн сумыг Хонгирад аймгийн нутаг, Бөртэ хатны төрхөм нутаг хэмээн түүхчид тодорхойлдог аж. Манжийн дарлалын эсрэг цогтой тэмцэгч, Гүнсаваа баатрын бэхлэлт, Чингисийн хэрмэн зам, Сэнжит хад, Сэргэлэн Хараат зэрэг түүхэн газруудтай. Иймд “Монголын нууц товчоо”-ны газруудыг мөнхлөх, дэд бүтцээр холбох, жуулчдыг татах маршрутад хамруулах боломжтой. Түүх соёлоо хадгалж, таниулан сурталчлах замаар хөгжих нь маш зөв шийдэл гэдгийг нутгийн ахмадууд хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-ын багийнхан хийсэн ажлаа тайлагнаж, хийх ажлаа танилцуулж байгаад дээрх сумдын иргэд талархалтай хандаж байлаа. МАН нэгдсэн бодлоготой, хэрэгжүүлэхэд бэлэн төлөвлөгөөтэй сайн ажиллаж байгааг тодотгоод Ерөнхий сайдаа багаар нь сонгохоо илэрхийлж байв.
Ялангуяа сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж, хөгжлийн тушаа болсон олон зүйлийг өөрчлөхийн төлөө идэвхтэй ажиллаж буй Ерөнхий сайдынхаа эхлүүлсэн ажлын үр дүнг үзэж, үр өгөөжийг хүртэхийн төлөө нэр дэвшигчдийг багаар нь сонгоно гэдгээ Дорнод аймгийн иргэд илэрхийлж байв. Тиймээс Ерөнхий сайдын манлайлал дор МАН-аас нэр дэвшигчид багаараа гар нийлэн ажиллаж, зүүн бүсээ хөгжүүлж чадна хэмээн үзэж байна.




Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2022/03/28
Японд Эссэ бичлэгийн уралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2023/05/23
Бөхчүүд, бөх сонирхогчид, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй нээлттэй уулзалт хийнэ
-
Дэлхий нийтээр..2025/06/20
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж...
-
Дэлхий нийтээр..2023/06/26
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...
