Үйл явдал
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

