Үйл явдал
“КАНСАТ 2024” үндэсний тэмцээн үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2013 оноос эхлэн сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, инженерчлэл болон хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээнийг зохион байгуулж буй.

Тус тэмцээний эхний шатны хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо. Эхний шатны хэлэлцүүлэгт нийт 36 багийн 200 гаруй сурагчид оролцсоноос 29 баг шалгарсан юм. Дараагийн шатны хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд “Нисэх бэлэн байдлын хэлэлцүүлэг” сэдвийн хүрээнд багууд бичил хиймэл дагуулаа хөөргөн өрсөлдөнө.



Оролцогч байгууллага, их сургуулиуд:
- Шинэ Монгол Технологийн Коллеж
- ШУТИС
- Тэмүүжин өрлөг
- Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль
- ХААИС
- МУИС
- Томүжин Алтернатив Сургууль
- Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
- WE MONGOLIA
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч:
- Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар
- ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн
- Монгол Улсын Их Сургууль
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбоо
- Мэдээлэл технологийн үндэсний парк - National Information Technology Park
- Space Academy Mongolia
НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР
Үйл явдал
“Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Хөвсгөл аймагт үзлэг хийж байна
Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Эмч нарын багт эрүү, нүүрний мэс засал, хэл яриа засал, гажиг заслын шүдний эмчилгээний чиглэлийн эмч, мэргэжилтнүүд болон бөөрний тасгийн нарийн мэргэжлийн эмч нар багтжээ.
Тэд иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, шаардлагатай өвчтөнүүдийг цаашдын эмчилгээ, мэс заслын төлөвлөгөөнд хамруулах юм.
Үзлэг, оношилгоо 2026 оны долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжилж байна.
Уруул, тагнайн эмгэгтэй хүүхдүүд болон бөөрний мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв”-ийн цахим бүртгэлд хандан цаг авч, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үйл явдал
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг 27 хувиар өсжээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нийт 293 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 20 хүртэлх насны 8 буюу 2.7 хувь, 20-30 насны 91 буюу 31 хувь, 30-39 насны 107 буюу 36.5 хувь, 40-аас дээш насны хүн 87 буюу 29.6 хувийг эзэлж байх бөгөөд 92 хувь нь эрэгтэй байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс зонхилон холбогджээ.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 65.1 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.
Анхан шатны шүүхээс 169 хүнд торгох, 30 хүнд хорих, 41 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 44 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Үйл явдал
Монголын Хүннүгийн өв ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад орлоо
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Дэлхий нийтээр..2023/11/24
Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулжээ
-
Дэлхий нийтээр..2025/11/25
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг да...
-
Үйл явдал2025/04/07
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2020/10/28
“Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
