Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 12-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, халуун хуурай салхи салхилж, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулын ар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.
2023 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

