Тод мэдээ
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 6 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд алсын дуудлагын дагуу нийт 18 аймагт очиж яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын байран дээр нь сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм.
Тус ажлын үр дүнд Дорноговь, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасагт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх суурь багажтай болсноор энэ төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт амжилттай хийж эхэлжээ.
Цаашид цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг бусад аймагт нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулахад анхаарч, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон зорилтот томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ГССҮТ
Тод мэдээ
“Сэтгэхүйн тойрог” хууль зүйн сэтгүүлчдийн клуб үйл ажиллагаагаа эхэллээ
Энэхүү клуб хууль зүйн мэдээллийг нийгэмд илүү хүртээмжтэй болгох, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой.
Хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллах нь зөвхөн мэдээллийн чанарыг сайжруулах бус, олон нийтийн амьдралд чухал өөрчлөлт авчрах боломжийг олгодог. Олон улсын туршлагаас үзэхэд хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллах нь зөвхөн мэдээллийн чанарыг сайжруулаад зогсохгүй, шударга ёсыг бэхжүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг байна. АНУ-ын "The Marshall Project", "ProPublica", Их Британийн "The Bureau of Investigative Journalism", Францын "Mediapart", Германы "Correctiv" зэрэг байгууллага болон хуульчид, сэтгүүлчид хамтран ажиллаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах томоохон нөлөөлөл үзүүлжээ.
Мөн Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) нь хуульчид, судлаачид, сэтгүүлчдийн хамтын ажиллагааны хүчийг харуулсан томоохон жишээ юм. Тэд олон улсын хэмжээнд авлига, хүний эрхийн зөрчил, хууль бус санхүүгийн урсгал зэрэг асуудлыг ил болгож, бодит өөрчлөлтийг авчирсан. Манай улсад ч ийм жишгийг хэрэгжүүлэх цаг болсон гэдгийг “Сэтгэхүйн тойрог” клубийн хуульчид, сэтгүүлчид хэлж байна.
Хуульчид сэтгүүлчдэд хуулийн талаарх зөвлөгөө өгөх замаар тэдний хууль зүйн мэдлэгийг сайжруулдаг бөгөөд хууль зүйн эрсдэлээс хамгаалж, шударга ёсыг бэхжүүлэхэд тусалдаг. Мөн сэтгүүлчдэд эх сурвалж хамгаалах, олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тусгай хууль зүйн стратеги боловсруулахад хуулийн хэрэгслүүдийг санал болгодог. Тус клуб зөвхөн мэдээлэл түгээх бус, хуульчид сэтгүүлчдэд зөвлөмж өгч, хамтран олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн мэдээллийг илүү үр дүнтэй түгээж, зохион байгуулалттай шинэчлэл хийх боломжтой. Хуульчид сэтгүүлчдэд хуулийн зөвлөмж өгөх замаар илүү хариуцлагатай, баталгаатай мэдээлэл өгч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад хувь нэмэр оруулах юм. Мөн хууль зүйн сэтгүүл зүйг шинэ шатанд гаргаж, олон нийтэд итгэлтэй, бодит мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Тод мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийт 1811 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс 1345 нь зөрчлийн шинжтэй байсан бол 96 нь гэмт хэргийн шинжтэй, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлийн 108 дуудлага бүртгэгджээ.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдэж, 116 иргэн эрүүлжүүлэгджээ.
-
Тод мэдээ2023/12/04
Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна
-
Тод мэдээ2020/09/18
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ...
-
Өнөөдөр2020/01/31
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 24-ний өдөр явуулна
-
Өнөөдөр2021/08/13
Улаанбаатарт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд