Дэлхий нийтээр..
Г.Занданшатар: Нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах учиртай
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академитай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн, судлаачид ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, гарц, шийдэл, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, оролцогчид нээлттэй хэлэлцэн, зөвлөмж хүргүүлэх юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн гэж тодотгоод, нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн боловсрол хэмээн тэмдэглэв. Тэрбээр үргэлжлүүлэн, “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон ач холбогдолтойг онцлохын сацуу нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах ёстой тул Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж 2023 оны 07 дугаар сарын 03-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж буйг дурдлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа тунхаглаад 30 гаран жилийг өнгөрөөсөн ч сүүлийн үед ёс суртахууны доройтлоос үүдэлтэй сэтгэл сэрдхийлгэм хэрэг, явдлууд гарч буй нь монгол хүний хүнлэг энэрэнгүй зан, ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийн талаар эргэцүүлэн бодоход хүргэж байна гэв. Түүнчлэн нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүл нь хүүхдэд хүмүүжил төлөвшил олгох үндсэн орчин, эцэг эх, асран хамгаалагч нь гол сурган хүмүүжүүлэгч нь болж улмаар цэцэрлэг, сургуулийн орчин, багш нар нь хүүхдэд үлгэр дуурайл авах манлайлагчид нь байдаг гэлээ.
Иймд ёс зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн идэвх, зүтгэл чухал хэмээн тэмдэглээд, Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар баталсан Боловсролын ерөнхий хуульд “Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино” хэмээн зааж өгсөн гэдгийг тодотголоо. УИХ-ын дарга, монгол хүний үнэт зүйл ёс суртахуунд нь оршдог тул тэрхүү үнэт зүйлийг баттай төлөвшүүлэхэд онцгой анхаарч, салбар бүрт ёс зүйн дүрмээ чанд мөрдөн ажиллах үр дүнтэй механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов. Уг хэлэлцүүлгээр “Өнөөгийн Монголын нийгэм дэх ёс суртахууны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Гадаад орны ёс зүйн боловсролын туршлагаас” гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэг Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
