Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Физикийн багш, магистр Ж.Тунгалаг: Ажлаа хүлээлгэж өгөөд л ОМИС-ийн оюутан болсон доо

Огноо:

,

Сэтгүүлч:

Сургуулийн амьдрал. Өртөө гэлтэй ч юм уу. Нэг хэсэг нь төгсөж, дараагийнх нь шинээр элсээд л... Жил бүр сургуульд маань ярианд “өдмөөр” элсэгчид суралцахаар ирнэ. Тэдний нэг бол Оточ Манрамба их сургуулийн 2-р курсийн оюутан, Физикийн багш, магистр Ж.Тунгалаг байгаа юм. Өнгөрсөн жилийн тухайд шинэхэн оюутан учраас хойшлуулаад байсан ярилцлагаа энэ удаад бид хийлээ. Ямартаа ч Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрөөр уулзсандаа баяртай байна. Ингээд  Ж.Тунгалаг багшийнхаа "Шинэ оюутны шинэхэн амьдрал"-аас сонирхсоноо хуваалцаж байна.
 
- Урилга хүлээн авсанд баярлалаа. Үнэндээ тантай ярилцахаар “онилоод” нэг жил өнгөрлөө. Товчхондоо дасах хугацааг хүлээсэн гэх үү дээ. Өнгөрсөн энэ нэг жил хэрхэн өнгөрөв.
- Оюутны эхний жил бодсоноос их ачаалалтай байсан ч харвасан сум мэт өнгөрчээ. Ажлын ширээнээс оюутны ширээнд шилжихэд нээрээ л дасах гэж хэсэг хугацаанд самгардсаан. Сургалтын төлөвлөгөө, багш нарын заах арга барил, хичээлийн зохион байгуулалт нь миний мэдэхээс тэс өөр, өвөрмөц байсан.
Билгүүн номч Б.Ринчен гуайгаас нэг залуу “Олон хэл сурахад толгой их өвдөнө биз” гэж асуухад нь “Үгүй ээ хүүхээ, бөгс л их өвддөг юм даа” гэсэн үгийг биеэр мэдэрсэн дээ. Шантраагүй ч нэлээд ядарсанаа нуугаад яах вэ. Ангийн болон хичээл заасан багш нар маань бүгдээрээ эмчийн хувиар үзэж оношлож, эмчилсэний хүчээр эхний жилээ давсан. Эрүүл мэнд сайжраагүй бол шантарч мэдэхээр байлаа даа.
- Одоо бол шантрахааргүй болжээ дээ. 
- Тийм ээ. Сургуульд элсэхийн өмнөхөн надад хэд хэдэн ажлын байр, өндөр цалин санал болгоход сурахаа хойшлуулдаг ч юм билүү гэж бодож үзсээн. Гэтэл нэг чухал юмнаас хоцорчих мэт мэдрэмж төрөөд сурах чиглэлээ гол болгоод сэтгэл шулуудсан. Шийдвэрээ гаргаад хамгийн түрүүнд аав, ээждээ хэлсэн. Аав минь “Миний охин чадна. Хоёулаа даян дэлхийд алдаршина аа” гэхэд нь би маш их баярласан. Гэхдээ хүний л эх эцэг хойно далдуур санаа зовоостой. Ямар сайндаа л ээжид нууцаар “Энэ маань чаддаг л байгаа даа” гэж хэлсэн байх вэ. Харин ээж 100 мянган төгрөг өгөөд “Миний охин шинэ хувцас аваарай, ангийн чинь хүүхдүүд бүлтийтлээ гоёод, мөнгөтэй ирсэн байгаа даа” гэж билээ. Ээжийнхээ өгсөн мөнгөөр цагаан халад авсан. Төгсөтлөө өмсөнө дөө. 1-р курст орой болгон даалгавар хийгээд суухаар хань минь “Чи ингэж өөрийгөө зовоох хэрэг байна уу? Мэддэг чаддаг ажлаа хийвэл амар биш үү. Ажилд авах газар олон байна шүү дээ” гэж байсан ч одоо бол их дэмжинэ. Хүүхдүүд маань ч ялгаагүй.
- Шинэ оюутны амьдрал хэрхэн эхэлж байв даа. Хичээлийн анхны өдөр...Ямар санагдсан бэ? 
- Анх 7 настай сургуульд орсноос хойш 50 жил боловсролын байгууллагатай амьдралаа холбосон миний хувьд 9-р сарын 1 бол баярын өдөр шүү дээ. Энэ өдөр нээлтдээ оролцоод, багш нартайгаа танилцаад л тарах байх гэж бодсон. Гэтэл хамба багш, хоёр  туслах багшийн хамтаар  найман цагийн хичээл орж, төвөд хэлний бүх үсгээ заасан. Хичээл тарахад нэлээн их даалгавартай харьж, шөнөжин сууж хийж байлаа. Оюутны мэдэх ёстой агуулгын шимийг хураангуйлж сурах бичгийг боловсруулах, шимийг дутаалгүй цээжлүүлж тогтоолгодог арга зүйн давуу талыг тэр үед сайн ойлгоогүй ч сонирхлыг эрхгүй татсан. Үнэндээ “Сайн байна уу, миний нэр Тунгаа” гээд л төвөдөөр яриад эхэлнэ гэж бодсон. Тэгсэн багш нар шууд л төвөд эх сурвалжийг тайлбарлан орчуулаад, бичүүлж цээжлүүлэхээр нь гайхаад, ингэж заалгаад би хэл сурах болов уу гэж эргэлзсэн. Ер нь манай сургалтын уламжлал нь багшийг шүтэж, багшаас сонсон хөтлүүлж, өөрөө бясалган, эрдмийг өөриймшүүлэх цогц үйл явц гэдгийг өнгөрсөн нэг жилд биеэр туулж мэдлээ.
- Багын эмч болох мөрөөдөлтэй байсан юм болов уу гэж таамаглаж байна.  
- ЕБС-ийн 9-р ангид байхдаа УБ хотын (тэр үед улсын олимпиад болдоггүй байсан) химийн олимпиадад байр эзлээд одоогийнхоор АШУҮИС-д суралцах урилга авч байв. Гэхдээ би аймхай, ялангуяа цус хараад ухаан алдчихдаг болохоор эмч болохоос татгалзсан. Ингээд багш нар, аав ээжийнхээ санал нэгдсэн сонголтоор МУИС-ийн физикийн ангид элсэн суралцан, онолын физикээр мэргэшиж төгссөн. Ажил, мэргэжилдээ дуртай болохоор  тасралтгүй тууштай ажилласаар тэтгэвэрт гарсан. Үргэлжлүүлээд ажиллах боломжтой хэдий ч эмч болохын тулд дахин сурахыг чухалчилж ажлаа хүлээлгэж өгөөд л оюутан болсон доо. Энэ бол гэнэтийн шийдвэр байгаагүй. Нэлээн хэдэн жилийн өмнөөс бодож, төлөвлөсөн зүйл. Тэтгэвэртээ гараад уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурна гэж ярихад хүмүүс итгээгүй байх л даа. Тэгээд оюутан болчихсон чинь зарим нь эргэлзэж, гайхаж байсан ч хавьгүй олон хүн баяр хүргэж, надаас урам зориг авснаа хэлэхэд талархан хүлээж авсан. Нэг багш маань “Бодоод байсан чинь чи зөв сонголт хийжээ, би чамаар л эмчлүүлнэ шүү, сайн сураарай” гэсэн. Багш маань үе үе ярьж, мэнд мэддэг нь надад үүрэг хариуцлагыг минь тасралтгүй сануулах зорилготой байх. Саяхан чамаас нэг зөвлөгөө авъя гээд ярихаар нь “Багш аа, би зөвлөгөө өгөх, хүн эмчлэх болоогүй шүү дээ” гэсэн чинь “Зүгээр ээ, тэр болтол би дажгүй, чи сайн сураадах, би ганцхан чамаар л эмчлүүлнэ” гээд утсаа тасалсан. /инээв/

- Яагаад Оточ Манрамба гэж...
- “Манба Дацан” хийдийг байгуулах үеэс нь Д.Нацагдорж хамба багшийн үйл хэргийн тухай сонсож, мэддэг байв. Аав, ээжийгээ үзүүлж, эмчлүүлэх болсноор илүү танил болж, тус эрдмийг нь хүртэн, талархан биширдэг болсон. Би 2006 оноос БМИҮЗ-д их, дээд сургуулиудын байгууллагын магадлан итгэмжлэлийг хариуцаж ажиллах болсноор бусад сургуулийн нэгэн адил ОМИС-тай ажил хэргийн холбоотой байж, сургуулийн үйл ажиллагааны талаар бүхий л мэдээллийг авдаг байлаа. Тэр үеэс Г.Одонцэцэг захиралтай танилцан, эхлээд ажил хэргийн дараа нь найз нөхдийн харилцаатай болж, УАУ-ы талаар гайхамшигтай зүйлүүдийг сонсож, ном бүтээлийг нь шимтэн уншиж, хүндэтгэн биширдэг болсон. Харин одоо багш шавийн барилдлагатай улс боллоо. Хамгийн гол нь өндөр настай аав, ээжийг минь эмчилж, илааршуулж, өвчингүй урт наслуулсан болохоор хоёр багш, мөн шавь нарт нь талархаж бишрэх болсон юм даа. Эднийг хараад өөртөө болон бусдад туслах ийм сайн эмч болох сон гэж мөрөөдөөд, ОМИС-д татагдсан. Уламжлалт анагаахын салбарын мундаг эмч, мэргэжилтнүүд ОМИС хамгийн зөв сонголт гэж намайг дэмжсэн нь бүүр таатай.
-Ингэхэд таны бага нас хаана өнгөрсөн бэ? Дурсамжаар хөглөгдөж, хөөрхөн түүх сөхөхөд бас л гоё шүү.
- Бага нас одоогийнхоор Натур төвийн хавьцаа, хуучнаар бол Цагаан хуаран гэж газар өнгөрсөн. Айлын отгон охин болохоор гэрт хийх ажил бага. Ихэнх цагаа дугуйлан, секцэнд явж, найзуудтайгаа тоглож өнгөрөөнө. Сансарын үйлчилгээний төвийн номын сан, кино театр нь шинэ тохилог, гудамж талбай цэвэрхэн, сайхан тохижилттой байж. Сансарын номын сан гэрээр ном олгоно оо. Нэг удаа өвдөөд авсан номоо аваачиж өгч чадаагүй. Тэгсэн номын санч эгч ээжтэй ирж уулзаад учрыг нь ойлгож, тор дүүрэн ном аваад ирэх нь тэр. Түүнээс хойш хэд хэдэн удаа гэрээр үйлчлээд “Одоо энэ номыг унш“ гэж зааж зөвлөсөөр би номын хорхойтон болсон юм даа. Буянтай сайн хүмүүс энэ амьдралд олон таарна шүү. Багш нарынхаа хичээл номыг сонсож байхад бага насанд хөгшин аав, ээжийнхээ хэлж ярьж байсныг улам их дурсан санаж, бишрэх болсон.

Миний өвөг дээдсүүд Ховд аймгийн Зэрэг сумын эгэл жирийн малчид. Тэтгэвэртээ гараад үр хүүхдээ бараадаад хотод ирж надтай ойр байсан нь их аз завшаан байжээ. Хөгшид маань гэрт байгаа гарын доорх материалаар л өвчин эмгэгийг эмчилчихнэ. Энийг хараад эм тан ховор болохоор хар бор арга хэрэглэдэг байж гэж саяхныг хүртэл боддог байлаа. Гэтэл тэд маань тэжээхүйн ухааны онол номыг нь судлаагүй ч амьдрал ахуйдаа чадамгай хэрэглэдэг байсныг одоо улам бүр ойлгож байна. Амьд сэрүүнд нь асууж, мэдэж авахгүй яав даа. Ганцхан жишээ хэлэхэд, нэг удаа охиноо дагуулаад хөгшин ээжийгээ эргэж очив. 2-3 настай охин зөрүүдлээд ааш гаргах нь надад бол хэвийн. Харин хөгшин ээж маань охины аашийг гайхаад, юу идүүлж, уулгаж байгааг асуулаа. Тэгээд чацарганы шүүс ихээр уулгаснаас шар нь хөдөлж гэхэд нь би итгээгүй л дээ. Гэтэл одоо яг тэр тухай онол номыг нь дэлгэрэнгүй үзэж, үнэн байсанд эргэлзээгүй итгэлээ. Дашрамд хэлэхэд хүүхдийнхээ зан аашны хувирлыг 2-3 насны синдром аяндаа зүгээр болно гэдэг болж. Хүүхдийн идээ, ундааг шим тэжээл талаас нь нарийн тооцдог боловч цаг улирал, бие махбодын онцлог шинжид нь тохируулдаг монгол уламжлалаа сайн мэдэхгүй байна.


- Оюутан найзууд чинь Z generation-ууд. Тэд ямар онцлогтой улс байна вэ?
- ОМИС-ийг хүүхдүүд тохиолдлоор сонгодоггүй юм билээ. Манай ангийнхан гэхэд энэ сургуульд, энэ мэргэжлээр сурна гэдэг зорилготой, ирээдүйдээ бат итгэлтэй нөхдүүд. Элсэхээсээ өмнө сургууль, багш нар, үзэж судлах хичээлийнхээ тухай асууж лавлан, дээд курсийнхнээс арга туршлага судалчихсан, миний мэдэхгүй нарийн ширийнийг ч олоод мэдчихсэн байна лээ. Тэгэхээр Зэт үеийнхэн асуудалд олон талаас нь нухацтай ханддаг байгаа биз. Бусдаас зөвлөгөө авдаг ч эцсийн бүлэгт өөрөө л шийднэ. Бусдад найдаад байдаггүй, өөртөө найдна. Зөөлөн ааштай, дөлгөөхөн оюутнууд бий. Ер нь манай сургуулийнхан аядуу намуун улс. Оюутнууд бол курс ахих тусмаа улам дөлгөөхөн болдог санагдсан. Бодвол үзэж судалж буй ном сургаалтайгаа  холбоотой байх. Мөн багш нарын үлгэр дуурайлал ч нөлөөлдөг болов уу. Манай сургуулийн, манай ангийн бас нэг онцлог нь хоёр дахь мэргэжлээрээ сурч буй 30,40-өөд насныхан, мөн миний үеийнхэн гээд 18-56 насныхан хамт суралцдаг. Хэдийгээр хүн бүрийн сурах арга барил өөр ч залуу хүүхдүүдийн хурд, ой тогтоолт яах аргагүй сайн. Харин бидний хувьд арга барил, туршлагаараа илүүрхээд байх шиг /инээв/. Ах захын ёс, нас намба байвч насаараа түрий барьж, хойш суух гэх мэтээс зайлсхийж хичээж л явна. Ямартаа ч олон сайн найзтай болсондоо баяртай байгаа. Би тэдэнд туслахаас илүү тэд маань надад түшигтэй, халамжтай байдаг нь хайр хүрэм. Бүгдээрээ тэнцэшгүй сайн эмч болоод намайг аварна гэдэгт итгэдэг юм.
- Таны нүүрномоос энэ их эрч хүч хаанаас ундардаг байна аа гэж бодсон шүү. Сурахад оройтоно гэж байх уу? гэдгийг зөвхөн танаас л асуумаар санагддаг.
- Ковидын үеэс өмнө би нүүрномыг бараг ашиглаж байсангүй. Харин ковидын үед гэртээ хоригдсон хүмүүс ямар хоол хийж байна, гоё хоолны жор байна уу гэснээр хоолны жор оруулсан. Зав ихтэй байсан болохоор шинэ жор туршиж, постлоод амжилттай болсон гэх үү дээ. Туршиж үзлээ, гоё боллоо, магтууллаа гэсэн комментууд их урам өгдөг юм билээ. Ингээд өөрийн мэддэг чаддаг, хүнд хэрэг болох зүйлийг харамгүй хуваалцахаар 2-3 жилийг цахим орчинд их идэвхтэй өнгөрөөлөө. Би гэрийн ажил, хоол хийх, жижиг сажиг гар урлал хийх сонирхолтой. Оюуны ачаалалтай ажилладаг хүнд нэг талаас алжаал тайлах, нөгөө талаас кайф авах хобби болдог. Гэр бүл, найз нөхдөө гарынхаа цай хоолоор дайлж, баяр ёслолын онцгой өдрүүдэд өмнө нь идэж үзээгүй цоо шинэ хоолоор дайлах гоё мэдрэмж. Тиймээс хуучин жороо баяжуулах, шинэ жор олох  байнгын сэдэл тэмүүлэлтэй гэх үү дээ.
Бүхий л зүйлийг сайжруулж, шинэлэг болгохын үндэс суурь нь их, бага хэмжээгээр суралцана гэсэн үг. Мэдээж залуу бага насандаа эрдэм номд шамдах нь туйлын зөв. Суралцахыг хойшлуулж хэрхэвч болохгүй. Гэхдээ залуудаа сурчихсан, нас явчихсан гээд хойш суух ямар ч утгагүй. Сурах хэрэгцээ зөндөө байна. Тодорхой мэргэжил эзэмшихгүй юм гэхэд өөрт хэрэгтэй зүйлийг сурах л хэрэгтэй. Жишээ нь: иог, бясалгал, хөгжим, уран зураг, спорт гэх мэт. Би уг тэтгэвэрт гарахынхаа өмнө спортын мастер Б.Цэцгээ багшид шавь орж, байт харваагаар хичээллэж эхэлсэн юм. Даанч эмч хүн, ялангуяа судас барьж оношлохын тулд хуруу гараа гамнах хэрэгтэй учраас болиод иог сурч эхэлсэн. Цаг завтай болохоороо уран зураг, гар урлалын чиглэлээр суралцана даа.
- Нүүрномын тухай дурдсаных. Сайн тогооч юм аа. Цаг улиралдаа тохирсон хоол ундны ач тусын талаар товчхон манай уншигчдад хэлж өгч болох уу.  
- Би багадаа бие султай, их эмзэг, байнга өвддөг хүүхэд байлаа. Хөгшин ээж, ялангуяа ээж минь эмч домч, эм тариа гэхээс илүү хоол ундаар тордож, байгалийн аргаар чийрэгжүүлдэг байсны хүчээр би эрүүлжсэн. Жишээ нь рахитаас болоод майжиг хөлтэй байсан гэвэл одоо хэн ч итгэхгүй дээ. Аав минь хашаандаа ачааны машин дүүрэн элс авчирч, тэр хавийн хүүхдүүдтэй хамт тоглуулдаг. Ээж минь өдөр бүр айлаас үнээний шинэ, цэвэр сүү авчирч хөөрүүлж уулгасаар рахитыг эмчилсэн. Одоо бол хөл тэгшхэн шүү /инээв/. Ээж минь хоол, цайг гараа гаргаж, сэтгэлээ шингээж хийдэг, дэндүү халамжтай учраас би “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэгтэй адил их зүйлийг сурсан. Эгчийн чанасан хар цай нь хүртэл амттай, шимтэй гээд дүү нар нь хөлсөө дуслуулаад уудаг юм. Би аав, ээжийгээ өтлөхийн цагт халамжилж, хоол ундаар тэтгэхийг чухалчлах болсноор монголчууд бидний уламжлалт идээ, ундны сайхныг, сайныг бүүр илүүтэй мэдэх болсон. Өөрөө туршиж, хэрэгжүүлсэн үр дүнг бол бусдад харамгүй түгээхийг хичээдэг л дээ. Хамгийн энгийн жишээ гэхэд хярам, сүүтэй цай биеийг шимжүүлж ядаргаа тайлдагийг хүн бүр  мэддэг ч амар хялбараар нь байхуу, кофе, тэр байтугай дан ус уудаг болсон. Гэтэл энэ нь шим тэжээл болохгүй, хоолны шингэцэд муу нөлөөтэйг тэр бүр анзаардаггүй. Цаг улирлаас гадна нас, хүйс, ажил амьдралын хэв маяг, өөрийн төрөлх өвөрчлөл (хий, шар, бадган), амьдарч буй байгаль орчин гэх мэтийг анхаарч, тохируулан хооллох нь чухал гэдгийг  УАУ-аар тодорхойлсон байдаг. Энэ тухай манай сургуулийн болон багш нарын пэйж хуудаснаас дэлгэрэнгүй уншиж, зөвлөгөө авах боломжтой учраас би энд дурдаад илүүц биз ээ. Харин өөр зүйлийн тухай яримаар байна. Болох уу?
- Тэгэлгүй яах вэ болно шүү дээ.
-УАУ-д суралцсанаар анх удаа буддын сургааль номлолоос уншиж, номч мэргэдийн лекц, ярилцлагыг шимтэн сонсдог болсон. Сургалтын төлөвлөгөөнд ийм хичээлүүд байхгүй учраас хичээлийн бус цагаар, өөрийн боломжоор судалж байгаа ч яах аргагүй сургууль, багш нарын минь ач тус шүү дээ. Аав минь өөд болоход хүнд үеийг даван туулах хүчийг надад өгч, аавд минь зориулж багш, оюутнууд өглөө бүр Манла хурж, буян үйлдэж байна. Ийм боломж зөвхөн манай сургуульд л байгаа байх. Сургууль, багш нар, оюутнууддаа баярлаж талархснаа яаж илэрхийлэхээ ч би мэдэхгүй, буянд даган баясаж байна. Буддын сургааль номлолын тухайд сонсож, мэдсэн бүхнээ аль болох олон хүнд хүргэх сэн, үр хүүхэд, ач зээ нар минь буддизмд суралцаасай гэж хүсч байна. Манай улсын хувьд төр, шашин тусгаар учраас боловсролын байгууллагад шашны сургалт, үйл ажиллагааг хориглодог. Үүнд мэдээж сайн тал бий ч, муу тал нь нийгэмд бугшсан ёс суртхууны доройтол, бүүр уналт гэж болохоор муу муухай хэргүүд удаа дараа гарч байна. Тэр байтугай гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн харилцаанд хэм хэмжээнээс хэтэрсэн муу муухай зүйлүүд болж байна. Үүний эсрэг сайн сайхан зүйлийг авчрах зөв зүйл буддизмд байгаа нь бидний хувьд завшаантай. Иймд сургуульд заадаггүй тэр эрдэм мэдлэгийг хүүхдүүд гэр бүл, ойр дотнын хүрээллээс авах нь чухал. Боловсролын системын дутагдалтай тал болох зөөлөн ур чадварыг гэр бүлийн үнэт зүйл болгон хөгжүүлэх боломж байна.

- Нээрээ л тийм шүү. Ингэхэд та боловсролын салбарт хэдэн жил ажилласан бэ? Ажлын гараагаа хаанаас эхэлж байв.
- 1989 онд МУИС-ийн физикийн ангийг төгсөөд сургуульдаа Онолын физикийн тэнхимд лаборантаар ажлын гараагаа эхлээд жил хүрэхгүй хугацаанд багш болсон. Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдсэн мундаг профессор багш нараар хичээл заалгаж, судалгааны ажлаа удирдуулж, багшийн ажлын гараагаа тэднийхээ хайр халамжинд эхлүүлсэн. Би ч их хувь заяатай хүн шүү. Энэ тухай ямагт бодож, бахархаж талархаж явдаг.
     1987 онд МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг байгуулж, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр онцгой авьяастай хүүхдүүдийг сонгон сургаж байсан. Энэ сургуульд 1989-1998 он хүртэл ажилласан ба тэр үеийн шавь нараараа маш их бахархдаг. Улс орон даяар шалгарч, олимпиад тэмцээнд түрүүлсэн, шилдэг хүүхдүүдэд цоо шинэхэн багш хичээл заах гэж шөнөжин бэлтгээд, их л хичээдэг байлаа. Одоо бодоход хааяа санаа зовдог л юм. Ингээд 1998-2006 онд Дорнод их сургуульд сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж, боловсрол судлалаар мэргэших гараагаа эхэлсэн. Багш боловсролын хөтөлбөрийг хариуцаж ажиллахын тулд тэр чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас тэр үеийн нөхцөл байдлыг ашиглан олон улсын төсөл, хөтөлбөрт баг хамт олноороо оролцож, хөдөө орон нутагт ажиллаж, амьдрахын сайхныг мэдэрсэн алтан үе байгаа юм. Харин 2006-2022 онд БМИҮЗ-д ажиллаж, боловсролын үнэлгээ, хяналт-шинжилгээ, магадлан итгэмжлэлийн чиглэлээр мэргэшин, бараг л бүх их, дээд сургууль, коллежид зөвлөгөө, мэдээлэл өгч, хамтран ажиллалаа.
- Өнөөдөр боловсролын чиг хандлага тэр тусмаа дээд боловсрол дэлхийд аль зүгт явна вэ? Монголчууд бид хөл нийлүүлэх алхах чадаж байна уу?
- Монголчууд эрт дээр үеэс төрийн, дацангийн, гэрийн сургуулиар залуу үеэ бэлтгэж, төр шашны хосолсон тогтолцоог уламжлан хөгжүүлж ирсэн дорнын өвөрмөц түүхтэй. Харин өнгөрсөн зуунд өрнийн соёл, боловсрол хүч түрэн орж ирсэн. Одоо бол өөрсдийн уламжлалыг хадгалан дэлхийн жишгийг баримжаалсан боловсролын тогтолцоотой болжээ. Хэдийгээр шүүмжлэл их байдаг ч ололт чамгүй бийг олон жишээнээс харж болно. Тухайлбал, дэлхийн улс орнууд дээд боловсролынхоо хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байхад бид хэтэрхий олон сургуульд хэтэрхий их хүн сурч байна гэж шүүмжилж, хааж боож байна. Олон улс оронд охид сурч чаддаггүй бол манайд дийлэнх нь охид суралцаж байна. Сургалтын төлбөр хямд. Ер нь хүссэн хүн дээд боловсрол эзэмшихэд саадгүй нь сайн талтай. Нийцтэй, чанартай болгох тухайд асуудал тулгарч байгаа нь үнэн. Мэргэжлийн үүднээс хандаж хэлэхэд 1998 оноос боловсролын магадлан итгэмжлэлийг дэлхийн жишгээр хөгжүүлж ирсэн нь боловсролын чанарыг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд түлхэц болсон. Цаашдаа ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэдэг. Нөгөө талаас сургуулиудын үүрэг хариуцлага, чанар чансаагаар өрсөлдөх эрмэлзлэл чухал. Манай сургуулиуд энэ чиглэлээр дэлхий нийтийн жишгээс хол хоцролгүй зүтгэж байгаа нь олон жишээ баримтаар нотлогдоно.
- Асуух зүйл ундраад л байна. Гэхдээ энэ удаад ингээд орхиё. Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан П.Ундраа
"Уламжлалт анагаах ухаан" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. 

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.

COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.

Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны  танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30  байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам  80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй,  0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

             Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ. 

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ. 

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.

Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:

•260 орчим орон тоог оновчтой болгож, 

•захиргааны зардлыг 10 хувь, 

•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж, 

•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна. 

Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Огноо:

,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/05/29

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Үйл явдал2026/05/29

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжү...

Дэлхий нийтээр..2026/05/29

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/05/29

Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцта...

Үйл явдал2026/05/29

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...

Үйл явдал2026/05/29

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семи...

Үйл явдал2026/05/29

“Байгалийн ухааны жишиг лаборатори” нээлтээ хийлээ

Хэн юу хэлэв...2026/05/29

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Үйл явдал2026/05/29

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн ав...

Үйл явдал2026/05/29

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэ...

Үйл явдал2026/05/28

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Хэн юу хэлэв...2026/05/28

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, дав...

Үйл явдал2026/05/28

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж ба...

Үйл явдал2026/05/28

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрл...

Хэн юу хэлэв...2026/05/28

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Үйл явдал2026/05/28

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн ав...

Үйл явдал2026/05/28

Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бол...

Үйл явдал2026/05/28

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/05/28

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно...

Үйл явдал2026/05/27

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Үйл явдал2026/05/27

АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зусланги...

Үйл явдал2026/05/27

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ...

Хэн юу хэлэв...2026/05/27

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжл...

Үйл явдал2026/05/27

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/05/27

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын за...

Үйл явдал2026/05/27

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж...

Үйл явдал2026/05/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвд...

Үйл явдал2026/05/26

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна

Санал болгох