Дэлхий нийтээр..
Орон сууцны конторуудын үйл ажиллагааг хариуцлагажуулах хэрэгтэй байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Улаанбаатар хотод орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компани 2001 онд байгуулагдсан.
Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4268 орон сууцны ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн 65 компани хариуцдаг. Тодруулбал, орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцаж байгаа юм.
Тус салбарт тулгамдаж байгаа асуудал нь хувийн компаниудын иргэдийн гомдол, дуудлагын барагдуулалт чанаргүй, хугацаа хэтэрхий удаан байна. Мөн хүний нөөцийн хомсдол бий болоод байгааг хэлж байв. Түүнчлэн өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан насжилт өндөртэй шугам сүлжээ нь орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг. Тэрчлэн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах нь зөвхөн зохицуулах хороодоос хамааралтай тул орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийг үл тоодог байна. Иймээс нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох, мөн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.
Зөвлөлийн гишүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. Гэхдээ хамгийн гол нь үр дүн. Орон сууцны барилга анх ашиглалтад ороход гүйцэтгэгч компани, хувийн конторууд үйл ажиллагааг нь хариуцан авдаг ч олон жил болоод ирэхээр, асуудал үүсэхээр орон нутгийн өмчит байгууллага руу шилжүүлж байна. Мөн эргээд ажил хийх, хариуцах хүн олддоггүй. Ийм байдал үерийн нөхцөл байдалд анзаарагдлаа гэдгийг хэлж байв.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр "Барилгын тоо жил бүр нэмэгдэж байна. Нийт орон сууцны байрын 53 хувийг хувийн орон сууцны контор хариуцдаг. Гэтэл үерийн үед эдгээр нь хүн хүч, техникийн хувьд хангалтгүй байлаа. Газар доорх хот буюу инженерийн барилга байгууламжид онцгой анхаарал хандуулахгүй бол гамшиг үүслээ гэхэд нөхцөл байдал хүндрэх нь. Мөн нийт шугам сүлжээний 60-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон" гэв.
Зөвлөлийн хурлаас орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх, үйл ажиллагааг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгогч байгууллагуудтай уялдаа холбоог бий болгох, тус асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/12/22
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
-
Дэлхий нийтээр..2020/08/31
Хятадын цагдаагийн 19 ажилтныг авлигатай холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөл...
-
Чөлөөт бүс2019/11/06
The Voice шоуны оролцогч Ж.Ариунжаргалын ШИНЭ ДУУ цацагдлаа
-
Дэлхий нийтээр..2025/06/10
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэни...
