Дэлхий нийтээр..
Хурдан морь шүдлэх явцыг шууд дамжуулна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өгсөн.
Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг "Энэ жил 512 бөх есөн даваанд барилдана. Өмнөх жилүүдэд гардаг байсан бөхийн амлагаатай холбоотой зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэ процессыг ил тод байлгахад анхаарна. Нөгөө талаас, бөхийн ивээн тэтгэгчийг дурдах, нутгийг дуудах дээр зарим нэг санал гарч байна. Энэ талаар тодорхой шийдвэрүүд гарна" гэлээ.

Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг "Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн морин холбоод хамтран хуулийн дагуу бүртгэлийн санг 2025 оны зургадугаар сарын 1-нээс өмнө бүрдүүлэх ёстой. Үүнээс өмнө хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд хуваарийн дагуу долоодугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдана. Мөн долоодугаар сарын 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долоодугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна" гэлээ.

Б.Батсайхан: Унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай
Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдээллийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан өгсөн юм.

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын үеэр олон хоног амарч буйтай холбогдуулан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ ахуйн болон зам тээврийн осолд өртөхөөс сэргийлж, хараа хяналтаа сайжруулаарай гэж зөвлөж байна.
Манай байгууллагаас хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхийг хамгаалах талаар хяналт тавьж ажилладаг. Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэхдээ бид дөрвөн шаардлага тавьдаг. Тухайлбал, хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах, эцэг эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийх шаардлагатай. Мөн энэ гэрээг нотариатаар баталгаажуулан авчрахыг уяачдаас шаарддаг. Тиймээс энэ шаардлагыг харгалзаарай, мөн и-монголиа хуудсаар нэвтэрч, гэрээг цахимаар баталгаажуулах боломжтой гэж онцлох байна. Энэ шаардлагыг хангаагүйгээс бүртгэл удаашрах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдийн эцэг эх рүү нэгбүрчлэн залгах зэрэг хүндрэл учирдаг. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй.
Манай байгууллага эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгах юм.
Түүнээс гадна унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандартыг хангасан байх ёстой. Уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно" гэлээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
