Дэлхий нийтээр..
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 2 сэдвийг хэлэлцэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн зарим сэдвийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасан чиг үүргийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлийг Улсын Их Хуралд хүргүүлсэн гэдгийн тус Комиссын дарга Ж.Хунан танилцууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагаас хийсэн судалгаа, тайлан, дүгнэлт, бусад эх сурвалжид үндэслэн илтгэлийг боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулахаар 42 саналын хамт Улсын Их Хуралд хүргүүлсэн байна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг долоон сэдвийн хүрээнд боловсруулсан байна.
Халдашгүй чөлөөтэй байх эрх сэдвийн хүрээнд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих ял, ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй эрхийг хязгаарлах эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, дүгнэлт санал боловсруулжээ.
Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт, төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийсэн байна.
Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, хууль тогтоомжийн өөрчлөлт, төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хөнджээ.
Хүүхдийн эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулсан байна.
Ахмад настны эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрх гэсэн таван асуудлын хүрээнд дүгнэлт, санал боловсруулжээ.
Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт сэдвийн хүрээнд хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдал, эрх зөрчигдөж буй хэлбэрүүд, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх шаардлага, тулгамдаж буй асуудлуудыг тусгасан гэлээ.
Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийн улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилт, эрэгтэй, эмэгтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох тэгш эрх, тэгш боломжийг хангаж буй байдал, нийтлэг зөрчил, түүнийг шийдвэрлэлтийг танилцуулсан байна.
Мөн энэ илтгэлд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн загвар хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулиудын загвар төслийг хавсарган танилцуулсан байна.
Байнгын хорооны дарга Б.Энхбаяр “Жил бүр илтгэлийг ерөнхийд нь сонсож, хэлэлцдэг байсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг сонсголын хэлбэрээр, дэлгэрэнгүй танилцаж байх үүрэг парламентад бий гэж үзээд, сэдэв бүрээр нь хэлэлцэх болно. Өнөөдөр Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Хүүхдийн эрхийн зарим асуудал, Ахмад настны эрхийн хэрэгжилт болон Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийг хэлэлцэх болно” хэмээн танилцууллаа.
Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн гуравдугаар бүлэг “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”-ыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид танилцуулав. Энэ сэдвийн хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг товч дүгнэж, хоригдлын хөдөлмөрлөх эрхлэлтийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийсэн гэв. Төрийн албаны тухай хуулийг 1994 онд баталж, 2002 он, 2008 он, 2017 онд тус тус шинэчлэн найруулжээ. 2017 онд баталж, 2019 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд дөрвөн жилийн хугацаанд 17 удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн байна. Тодруулбал, 23 заалтад нэмэлт оруулж, 64 заалтыг өөрчилж, 3 заалтыг хүчингүй болгосон байна.
Төрийн албанд улс төрийнхөөс бусад албан албан тушаалын орон тоо нь бүрэн нөхөгдөхгүй, хүний нөөц дутагдалтай болохыг Төрийн албаны зөвлөлийн тоон мэдээллээс харах боломжтойг дурдав. Сул орон тоог нөхөх зорилгоор сонгон шалгаруулалтыг явуулах, шалгалтыг зохион байгуулах, албан тушаалын хооронд дүйцүүлэх шилжих гэх зэрэг зохицуулалтыг тусгахаар хуульд тухай бүр нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлалаасаа ухарсан, зөрчилтэй зохицуулалт болсон гэдэг дүгнэлтийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид танилцуулгынхаа үеэр хэлээд, улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албанд дүйцүүлэх журмын зохицуулалтыг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа талаар хэллээ. Адил ажил хийж байгаа, ижилтгэх албан тушаал гүйцэтгэж байгаа тохиолдолд адил цалин хөлс олгох зарчим хэрэгжихгүй байна гэлээ н Засгийн газрын 2022 оны “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн батлах тухай” 488 дугаар тогтоолын дагуу албан тушаалуудын цалингийн нэмэлтүүд нь харилцан адилгүй байгаа аж. Энэ хүрээнд албан тушаалын хамгийн бага зэрэглэлээр цалинжиж буй төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин 8.6 хувиар нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолын хавсралтын дагуу орон нутгийн нэмэгдлийг олгох болсонтой холбоотойгоор орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдын дунд цалингийн зөрүү үүссэн байна. Босоо тогтолцоотой буюу шууд удирдлагатай байгууллагуудын албан хаагчдын цалин нэмээгүй аж. Харин орон нутгийн агентлагуудын албан хаагчид 20-80 хүртэл хувийн нэмэгдэл цалинтай болсон учраас эл зохицуулалтаас үүдсэн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн эрс ихэссэн болохыг дурдлаа.
Соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны болон бусад салбарын төрийн үйлчилгээний 2100 орчим албан хаагчийг хамруулсан судалгаа хийсэн байна. Нийгмийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн нийт албан хаагчдын 67.6 хувийг эзэлдэг бөгөөд үүний 76.8 хувь эмэгтэйчүүд байдаг онцлогтой аж. Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхэд тулгамдаж буй үндсэн асуудал нь орлогын хомсдол, үүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн баталгаагүй байдал болжээ. Эдгээр албан хаагчдын өрхийн орлогын эх үүсвэрийг авч үзэхэд судалгаанд оролцогчдын 72.5 хувь нь зөвхөн ажил олгогчоос өгч буй цалин хөлсөөр амьдарч байгаа бөгөөд авч буй цалингийн хэмжээ амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа гэжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын талаас илүү хувь нь өдөр тутмын хооллох, хувцаслах хэрэгцээнээс илүү гарч чадахгүй байгаагаас тухайн бүлгийн амьжиргааны түвшин, хэрэгцээний хангалт “тааруу”, эдийн засгийн агуулгаараа ядуурлын нөхцөлд байна хэмээн холбогдох судалгааны тайланд дүгнэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр төрийн үйлчилгээний албан дээр анхаарах ёстой асуудлуудыг танилцуулсан.
ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ болон эдгээрийн харьяа байгууллагын 1,181 алба хаагчийг хамруулан судалгаа хийсэн байна. Төрийн цэргийн болон цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг олон салбарын хуулиар ялгамжтай зохицуулснаар алба хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, урамшууллын зөрүүтэй байдал үүсгэж байгаа гэв. Төрийн цэргийн байгууллагын бага, дунд шатлалын алба хаагчдын цалин хөлсийг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалингийн хэмжээнээс 30 хүртэл хувиар бага тогтоосон байх бөгөөд төрийн тусгай алба хаагчийн цалин хөлсийг 2022 онд нэмэгдүүлэхдээ өмнө үйлчилж байсан 5 шатлалыг өөрчилж нэг шатлалтай болгосон нь сайшаалтай боловч албан тушаалын чиг үүрэг, хүлээх хариуцлага, ажлын үнэлэмж ижил албан хаагчдын цалинг ялгаатайгаар тогтоожээ.
Онцгой нөхцөлийн нэмэгдэл нь 10-30 хувь байхаар ялгамжтай тогтоосныг ижилтгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Алба хаагчдаас ажил үүргээ хэвийн, тасралтгүй гүйцэтгэхэд шаардлагатай дүрэмт хувцас, хоол хүнс, техник хэрэгсэл, бусад нөөцийн хүртээмжийг сайжруулах, чанарыг сайжруулах, ажиллах орчин, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг мөн дурдаж, дэлгэрэнгүй тайлбарласан.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үүдэн төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хүний нөөцийн хомсдолд ороод байгаа хэмээн дүгнэлтдээ дурдсан байна.
Энэ сэдвийн хүрээнд хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг мөн хөндсөн байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2016 онд дотоодын хууль, тогтоомжийн зохицуулалтнь ОУХБ-ын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенц, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар конвенцын зарчимд нийцэж буй эсэхийг судалсан бөгөөд тухайн үед гаргасан дүгнэлт, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн гэдгийг Комиссын гишүүн Д.Сүнжид танилцуулгадаа дурдсан. Судалгаанд 11 хорих ангийн (үүнд 1 эмэгтэйчүүдийн хорих анги) 1,243 хоригдол оролцсон бөгөөд тэдгээрийн 92 хувь нь өөрийн хүсэлтээр ажил хөдөлмөр эрхэлж байна. Цалин нь цалингийн доод хэмжээнээс багасахгүй хэмжээнд байгаа гэв.
Хуулиар нээлттэй хорих ангид ял эдэлж буй тодорхой болзол шаардлагыг хангасан хоригдлоос бусад хаалттай хорих ангид хоригдож буй хоригдлыг зөвхөн хорих ангийн дотор үйлдвэрт, тусгай нэгжид ял эдэлж буй хоригдлыг хорих ангийн байранд ажиллуулахаар хуульчилж өгсөн нь тэдний ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарласан гэж дүгнэжээ. Хаалттай хорих ангид хоригдол ажиллах ажлын байр хомс, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлыг ажлын байраар хангах, шинээр ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээг тогтмол авч, хэрэгжүүлж байгаа ч ажиллах хүчнийхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна хэмээн дүгнэсэн байна. Үүн дээр зөвхөн ШШГБ төдийгүй нутгийн удирдлагын байгууллага, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэжээ.
Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хорих ял эдэлж байгаа өсвөр насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон хуулийн зохицуулалттай. Гэхдээ сургалт хүмүүжлийн тусгай ангид хүмүүжиж байгаа өсвөр насны хоригдлыг мэргэжил эзэмших, ял эдэлж дууссаны дараа ажил эрхлэх, мэргэжлийн чиг баримжаатай болгоход чиглэсэн сургалт явуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн гуравдугаар бүлэг “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”-ын хүрээнд төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчтай холбоотой 5 санал гаргажээ. Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн тухайд ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангах саналыг өгч байгааг Комиссын гишүүн Д.Сүнжид танилцууллаа.
Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн боловсролын байгууллагын удирдлагуудын томилгооны талаар тодруулж хариулт авсан бол Б.Дэлгэрсайхан, Ц.Сандаг-Очир нарын гишүүд орон нутаг дахь төрийн албаны шалгуурыг уян хатан болгох саналыг гаргаж байв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төрийн албан хаагчдын цалин хөлсний ялгаатай байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Э.Бат-Амгалан гишүүн, Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсантай холбоотойгоор шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдүүлэх саналыг гаргаж байв. Ийнхүү Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн гуравдугаар бүлэг буюу “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”-ыг хэлэлцэв.
Үргэлжлүүлэн “Хүүхдийн эрхийн зарим асуудал” буюу дөрөвдүгээр бүлгийг хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан энэ талаар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Хүүхдийн эрхийн зарим асуудал буюу ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн гэдгээ танилцуулгынхаа эхэнд тэрбээр онцлов. Нийт 79 дотуур байранд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд энэ хүрээнд анхаарал татсан, зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг дурдсан.
2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар 34546 хүүхэд дотуур байранд амьдрах хүсэлт гаргаснаас 32576 (94.3%) хүүхэд дотуур байранд амьдарсан байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26458 (76.8%) нь малчдын хүүхэд байна. Тухайн хичээлийн жилд нийт 548 дотуур байр ашиглагдсан, 489 нь стандартын шаардлага хангасан бол 59 нь стандартын бус барилга байжээ. Барилгын насжилтын хугацаа дууссан, хүүхэд амьдрахад аюултай орчинд хүүхэд амьдарсаар байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн ноцтой зөрчил тул цаашид дотуур байрын ашиглалтын хугацааг хуулиар тогтоосон буюу 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагаар дүгнэлт гаргуулж, холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн дүгнэсэн байна.
Бүх дотуур байруудыг дулааны төвийн шугамд холбох шаардлагатай ба ингэснээр гал тогоо, дотор ариун цэврийн өрөө, усанд орох өрөө, угаалтуурын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Дотуур байрын хоолны амт чанар, илчлэг, хэмжээ, хүнсний хадгалалт хамгаалалт стандартын шаардлага хангахгүй, ундны ус хүрэлцээгүй, зөөврийн устай, зарим дотуур байр зориулалтын гал тогоогүй, угаалтуургүй, бие засах газаргүй, усанд орох болон угаалгын өрөөгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа аж.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн кабинетад байх шаардлагатай эм, багаж хэрэгслийн жагсаалт байдаг ч хяналт шалгалтад хамрагдсан дотуур байрнууд энэхүү шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөж байгаа хэмээн дүгнэсэн байна. Хяналт шалгалтын явцад 19 сургуулийн эмч хугацаа дууссан эмийг хадгалж, хэрэглэж байсан, эмнэлгийн үед үүсэх аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, устгах, бүртгэх болон тайлагнах журмыг бүх дотуур байр болон сургуулийн эмч нар дагаж мөрдөхгүй зэрэг зөрчил түгээмэл гарчээ. Хяналт шалгалтад хамрагдсан албан ёсны дотуур байрны одоо 39-д нь налуу замтай буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байжээ. Бусад нь энэ асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг саналыг Комиссын дарга Ж.Хунан хэлж байв.
Хяналт шалгалтын үеэр дотуур байрны цонхнууд хөшиггүй, суралцагчид гэрээсээ хөшиг авч ирдэг, зарим өрөөг дотроос нь цоожлохыг хориглосон тул шууд орох боломжтой, охидын өрөөнд хяналтын камер байршуулсан тохиолдол илэрсэн байна. Мөн охидын ариун цэврийн болон усанд орох өрөөний тусгаарлагч стандартын шаардлага хангаагүй, усанд орох, бие засах үед цонхоор нэвт харагдах, дээрээс нь зургийг нь дарах эрсдэлийг үүсгэсэн. Энэ нь хүүхдийн хамгаалуулах болон аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа хэмээн дүгнэжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулав. 2022 онд аймаг, дүүргийн Засаг даргын Захирамжаар 21 аймаг, 9 дүүрэг болон сум дундын шүүхтэй 9 суманд 39 хүүхдийн эрхийн хууль зүйн хороог 13-17 гишүүд нийт 451 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нийт гишүүдийн 70 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Хорооны бүрэлдэхүүнд 3 байгууллага, албан тушаалтан нэмэгдэж, хорооны даргаар аймаг, дүүргийн Засаг даргын орлогчийг сольж оруулжээ. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахад шууд хамаарал бүхий төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Хяналт шалгалтын дүнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог үр дүнтэй хуралдуулах, салбар хоорондын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, үр дүнг тооцдог механизм бүрдүүлэх, хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журамууд, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргажээ.
Энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн талаар, насанд хүрээгүй хүүхэд гэр бүл зохиож, хүүхэд төрүүлж, жирэмсэн болж, үр хөндүүлж байгаа талаар хөндөж, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Ц.Сандаг-Очир гишүүн, ерөнхий боловсролын сургуулиас эцэг, эхчүүдийг хамруулан зохион байгуулдаг арга хэмжээний талаар шүүмжилж, дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг тодруулж, саналаа хэлсэн.
Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн долоон сэдвийн хоёрыг нь хэлэлцсэн юм. Үүгээр хуралдаан өндөрлөсөн бөгөөд Байнгын хороо илтгэлийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна
Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.
Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.
Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.
Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.
Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.
Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.
Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.
Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.
Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.
“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.
Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.
Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.
Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.
Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.
Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
-
Дэлхий нийтээр..2022/07/25
1.2 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
-
Дэлхий нийтээр..2023/03/23
Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов
-
Дэлхий нийтээр..2021/08/25
Экспорт импортоос давж 903.4 сая ам.доллараар өслөө
-
Үйл явдал2022/04/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
