Дэлхий нийтээр..
Говь-Алтай аймгийн иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд саналаа өглөө
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Говь-Алтай аймагт боллоо. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан оролцов. Тэрбээр, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулах болсон шаардлага, үзэл баримтлал, мөн төслүүдэд тусгасан шинэлэг зохицуулалтуудын талаар танилцуулсан юм.
1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд өнөөг хүртэлх хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг өргөн хүрээний бодит шаардлага тулгарч буй юм. Хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд туссан тэтгэврийн тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжүүлэх эхлэлийг багц хуулиар тавина хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Хэлэлцүүлэгт тус аймгийн иргэд, даатгуулагчдын төлөөлөл 400 гаруй хүн ороцлоо. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг тэтгэврийн шинэчлэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсний дараа иргэд асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга н.Нарантуяа, улсад 30-аас дээш жил ажилласан хүмүүс нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг болгох, эмнэлэг, сургуульд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа цэвэрлэгч, үйлчлэгч, манаач хийж байгаа хүмүүсийн цалин бага байгаа болон цагдаа, онцгой байдлын албаны албан хаагчид тэтгэврээ цалингийн 80 хувиар тогтоолгож байхад нийгмийн халамжийн чиглэлийн хүмүүс 45 хувиар тогтоолгож байгаа зөрүүтэй байдлыг арилгах талаар санал хэлэв.
Есөнбулаг сумын иргэн н.Лхагвасүрэн, цалингийнхаа 45 хувиар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг 60 хувь болгож нэмэгдүүлэх, дараалсан долоон жилийн доторх тасарсан хугацааны шимтгэлийг хувь хүн өөрөө нөхөн төлдөг болох зэрэг санал хэлсэн бол иргэн н.Чүлтэм, тэтгэврийн зөрүүг арилгаж, шударга бус байдал, улс төрийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй гэсэн юм. Иргэн Цэрмаа, 1995 оноос өмнөх итгэлцүүрээр тэтгэвэрт гарсан удирдах ажилтнууд хохирсныг засаж залруулах, Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын газрын ажилтнуудынхаа цалинг нэмэх, говийн нэмэгдлийг сэргээх, ажилласан жил дээр хүүхдийн тоогоор 1.5 жил нэмдгийг бүх эхчүүдэд ижил хэрэглэх зэрэг санал хэлэв.
Тус аймгийн Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбарын тэргүүн н.Өлзийсайхан, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг хаах зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, холбогдох бусад хуультай уялдуулах, өөрөө хүсвэл хүмүүс 50-60 настайдаа тэтгэвэрт гарч болох зохицуулалт оруулах, тэтгэвэр өвлүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөх нь зүйтэй гэсэн бол иргэн Ц.Зориг, долоон жилийн цалингийн дунджаар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг шинэчилж таван жилийн дундажтай нь нийцүүлэх, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах тухай санал хэлж, Капитал банканд алдсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцааж авах талаар ямар ахиц гарч байгааг асууж хариулт авав.
Мөн, иргэн Жалцавжий, тэтгэврийг шатлалтайгаар тогтоодог болох, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэлийн дарамтыг бууруулах тухай, мөн иргэн Хишигжаргал, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөл бүхий ажил мэргэжлийн жагсаалтад багшийг оруулах, бага насны хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтсэн ээжүүдэд лист олгодог болох, алдарт эхийн одон олгох болзолд өргөж авсан хүүхдүүдийг тооцдог болох зэрэг санал хэллээ. Түүнчлэн иргэн н.Отгонбаяр, Ө.Энхтайван нар эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 55 болгож бууруулах, иргэн н.Нарангэрэл хүүхдийн цэцэрлэгийн туслах багш нарт илүү цагийн хөлс олгодог болмоор байна гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан саналыг Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг https://d.parliament.mn хуудсанд байршуулсан тул иргэд зүйл, заалт бүр дээр саналаа өгөх боломжтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
