Тод мэдээ
Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ

Английн Санхүүгийн зохицуулагч байгууллагаас дэлхийн хамгийн томд тооцогддог Бинанс криптовалютын биржийн үйл ажиллагаа явуулахыг тус улсад хориглосон тухай мэдэгдэл-ийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр цахим хуудаснаа нийтэлсэн байна. Уг мэдэгдэлд өндөр өгөөж амласан криптовалютын хөрөнгө оруулалтыг сурталчилсан аливаа үйл ажиллагаанаас болгоомжлохыг анхааруулжээ. Бинанс нь Англид үүсгэн байгуулагдаагүй ч тус улсын Санхүүгийн зохицуулагч байгууллагад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагад нийцээгүй учраас бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн дэлхийн бусад улс орны зохицуулагч байгууллагуудаас Бинансын талаар анхааруулга, мэдэгдлийг удаа дараа гаргасаар байна. Тухайлбал, Японы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас мэдэгдэл гаргаж, тус биржийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй талаар олон нийтэд анхааруулжээ. Мөн Германы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас Бинанстай холбоотой мэдэгдэл-дээ хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга гаргалгүйгээр дижитал токен гаргаж эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон талаар мэдээлсэн бол Канад Улсын Онтариогийн Үнэт цаасны тухай хуульд нийцээгүйн улмаас тус бирж Онтариод үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Үүнээс гадна тус биржийн охин компани болон “Бинанс холдингс” ХХК-ийг энэ оны тавдугаар сард АНУ-аас мөнгө угаасан байж болзошгүй, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. АНУ-ын “Chainalysis” буюу криптовалютын судалгаа шинжилгээ, мөрдөн шалгах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө бусад биржээс илүү Бинансаар дамжсан тухай мэдээлсэн байна.
Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж, эдгээр үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй болохыг дахин сануулж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2021/09/22
Гашуунсухайтын хилийн боомтод Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо
-
Тод индэр2022/10/13
Их эмч Г.Арвинбуян: Хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж буруу ойлгодог
-
Тод мэдээ2023/10/12
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргө...
-
Чөлөөт бүс2020/11/27
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн дундаж нас...