Тод мэдээ
Б.Ууганбат: Орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.12 минут байна. УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага нийт дуудлагын 5.7 хувийг эзэлжээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Баяр наадмын өдрүүдэд орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Орон нутагт “Ковид-19” өвчний халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Үүнээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдаж, импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Хөл хорио цуцлагдсан аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй, УОК-той зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэх юм. Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, аяллын багийн хэмжээнд хүний тоог таваас дээш гаргахгүй байх, аль болох байгальд хоноглож амрах, жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэхийг уриалж байна.
Вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр вакцины гэрчилгээ болон эмчийн магадалгааг үзүүлэн товчоодоор нэвтэрнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины II тунд бүрэн хамрагдаагүй, вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Хөдөө, орон нутагт зорчиж байгаа өрхийн таван наснаас дээш нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна.
Иргэд тухайн орон нутаг мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, техникийн засвар, үйлчилгээг авна. Хөдөө орон нутагт зорчих иргэд зорьж буй аймаг болон дамжин өнгөрөх аймгуудын Онцгой комисстой холбогдон тухайн орон нутаг мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, постоор хэрхэн нэвтрэх /зорчигч нар түргэвчилсэн тест авч явах эсэх/ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялалд гарахын өмнө авах хэрэгтэй. Мөн цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа ханган явахыг уриалж байна.
-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?
-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.
Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313
Баянгол дүүрэг 89121177
Чингэлтэй дүүрэг 70007105
Сүхбаатар дүүрэг 70003910
Хан-Уул дүүрэг 70043085
Баянзүрх дүүрэг 19001063, 70150065
Налайх дүүрэг 70233464
Багануур дүүрэг 70212903
Багахангай дүүрэг 7049103
Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг.
-Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2021/02/08
Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүр...
-
Тод мэдээ2024/05/29
Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болж байна
-
Тод мэдээ2023/04/18
Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг ши...
-
Тод мэдээ2025/02/21
Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Ул...