Тод мэдээ
У.Хүрэлсүх: Засгийн газар чадварлаг багш бэлтгэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж байгаа боловсролын салбарынхны сургалт-семинарт оролцлоо. Тэрбээр энэ үеэр “Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн “Монгол хүн”-ийг бэлтгэхэд бодлого, ажлаа чиглүүлнэ. Багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.

Засгийн газар энэ хүрээнд Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулийн 933 багш, 1700 гаруй ажилтан, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, шаардлагатай мэдээлэл харилцаа, технологийн тоног төхөөрөмжөөр хангаж, орон сууцных нь нөхцөлийг сайжруулах юм. Өнөөдрийн байдлаар аймгийн цэцэрлэгт 5500 орчим, ерөнхий боловсролын сургуульд 13 мянга гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ хүүхдүүдэд чанартай боловсрол, сайн хүмүүжил олгох нь аймгийн хөгжлийн ирээдүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед теле хичээл, цахим сургалт явуулж байсанд талархал илэрхийлж, боловсролын салбарын төсвийг бууруулахгүй байх зарчим баримталж байгааг хэлэв. Цаашид багш нар нэр хүнд, ёс зүй, хариуцлагаа дээшлүүлж, бусдыг манлайлан ажиллахыг уриаллаа.
Мөн аймагт баригдаж байгаа нэгдүгээр цэцэрлэг, тавдугаар сургуулийг богино хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болгов. Цэцэрлэг, сургууль ашиглалтад орсноор Баруун-Урт хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 90 хувьд хүрч сургуулийн ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоо гарсан байна. Засгийн газар 2019-2020 онд 119 цэцэрлэг, 71 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1442 цэцэрлэг, 841 сургуульд 930 орчим мянган хүүхэд сурч байгаа нь өмнөх оноос 40 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон иргэдтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тод мэдээ
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар гүйцэтгэлийн шаардлага хангаагүй ААН-үүдэд сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж хар жагсаалтад орууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.
Мөн уулзалтаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин түлш тээврийн автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг нээж өгнө гэдгийг онцоллоо. Тэрээр автомашинуудын мэдээллийг бүрдүүлэн Нэгдсэн удирдлагын төвд өгөхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна.
Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахуй, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
