Дэлхий нийтээр..
“Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах технологиор гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж байгуулахаар төлөвлөн, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
"Гермес" төвийн урд байрлах гуравдугаар нүхэн гарц нь Нарны замыг Дундгол /Тээвэрчдийн гудамж/-ын автозамтай холбох бөгөөд нүхэн гарцын их биеийн цэвэр хэмжээ нь 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байх юм.
Гуравдугаар нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхдээ их бие буюу туннелийг домкрат ашиглан түлхэж оруулах технологиор барьж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилж цутгасан туннелийн тооцоологдсон ачаалал нь 3,200 тонн жинтэй бөгөөд 500 тоннын даацтай 8 ш домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл ашиглан түлхэж байгаа юм. Ингэхдээ ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 м-ийн өргөнтэй гулсах тавцан ашиглан гүйцэтгэж буй аж. Туннелийг нийт 46,8 орчим метр түлхэхээс өнөөдрийн байдлаар 28 метр түлхсэн бөгөөд уг технологийг Монголд анх удаа Нүхэн гарцын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа юм. Уг төслийг 2026 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
Нүхэн гарцын төслийг Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Нарны зам, Их хүрээний гудамж гэсэн байршилд хэрэгжүүлж буй билээ.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/10/31
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад су...
-
Үйл явдал2020/06/23
НҮБ-ын Төрийн албаны өдөр тохиож байна
-
Үйл явдал2020/01/17
“Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүү...
-
Чөлөөт бүс2022/06/16
Цэрэгжсэн улсын хүчирхэг зэвсэгт хүчин...
