Бидэнтэй нэгдэх

Тод индэр

З.Балдандугар: Баянгол дүүргийн эмнэлэгт хавдрын хэвлийн хөндийн мэс заслыг хийдэг болно

Огноо:

,

Сэтгүүлч:

Баянгол дүүргийн ЭМТ-д Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг шилжин байршиж, тус төвийн мэс заслын эмч нарыг сурган, хамтарсан төлөвлөгөөт мэс заслуудыг хийж байна. Мөн ирэх арваннэгдүгээр сараас тус төвд Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ болон хүүхдийн мэс заслууд хийгдэж эхлэхээр болжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугартай ярилцлаа.

-ХСҮТ-ийн хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг танай төв дээр шилжин ирсэн байна. Танай дээр энэ төрлийн хавдрын мэс заслыг нутагшуулах давхар зорилготой гэж байна. Хэр хугацаанд танай дээр байрлах вэ?

-Эрүүл мэндийн салбарт реформ хийгдэж байгаатай холбогдуулан бодлогын том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд манай Баянгол дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид эхний ээлжинд төрөлжсөн төв эмнэлгүүдийнхээ ачааллыг хуваалцах, дүүргийнхээ иргэдэд өөрсдийн хүчин чадлаар үзүүлж болох бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ чанартай хүртээмжтэй хүргэх зорилготой. ХСҮТ-ийн мэс заслын блок нь засварт орохтой холбогдуулан хавдрын хөндийн мэс заслын тасгийг манай төв дээр байршуулж өгнө үү, бидэнд нөөц боломж байна гэсэн саналаа ЭМЯ болон НЭМГ-т хүргүүлсэн. Энэ саналыг маань дэмжиж манай БГДЭМТөвд өнгөрсөн долоо хоногоос хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг түр шилжин байршаад төлөвлөгөөт мэс заслуудаа хийж, үйл ажиллагаа нь доголдолгүй явж байна. Бид өмнө нь хавдрын мэс заслын чиглэлээр эмч нараа ХСҮТ дээр сургалтанд хамруулаад бэлдсэн. Одоо тус тасагт ХСҮТ-ийн хавдрын хэвлийн хөндийн эмч нарын баг манай багийг давхар сургах, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид энэ хугацаанд эрчимт эмчилгээ, сэхээний, унтуулгын эмч, сувилагч нараа давхар сургаад явж байна.

Өөрөөр хэлбэл, ХСҮТ-ийн мэс заслын тасаг буцаад эмнэлэг рүү шилжсэн ч бид мэс заслын багаа хавдрын хэвлийн хөндийн чиглэлээр бүрэн дадлагажуулж, сургаж аваад үлдэх юм. Үргэжлүүлэн бид өөрсдөө энэ төрлийн мэс заслыг хийдэг болох юм.
 
 
-Мэдээж хавдрын нарийн мэс заслыг танайх үргэлжлүүлэн өөрсдөө хийдэг болоход тоног төхөөрөмжийн асуудал хөндөгдөх байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Төрөлжсөн төв эмнэлгүүдийг ачааллыг хуваалцах, дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ЭМЯ-аас дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын зүгээс тоног, төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон. Тиймээс бид ХСҮТ-ийн мэс заслын тасгийг буцаад шилжсэний дараа үргэлжлүүлэн хэвлийн хөндийн мэс заслаа өөрсдөө хийгээд явна. Бид багаа бүрэн сургаад, чадвахжуулаад үлдэнэ. Цаашид ХСҮТ-ээс давхар зөвлөх эмч авч ажлуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө чиглэлээ аваад явна.

-Танай эмнэлэг хавдрын хими эмчилгээг хийгээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоо хэдэн хүнд хими эмчилгээ хийж байгаа вэ?

-Манайх хавдрын хими эмчилгээг хийгээд хоёр дах жилдээ явж байна. Хөнгөвчлөх эмчилгээний 10 ортой тасагтай. Өнгөрсөн жил 24 хүнд хими эмчилгээ хийж байсан бол энэ жил 69 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурав дахин нэмэгдсэн. Бид өөрсдийнхөө чадлынхаа хэмжээнд л авч, үйлчлэхийг зорьж байна. Хүний нөөцөө нэмэх шаардлагатай байгаа. Он гараад гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод ирэхээр бид хүний нөөцөө нэмээд ирэхээр хими эмчилгээний хүртээмж нь илүү нэмэгдэнэ. Одоо бид хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөчлөх эмчилгээгээ хийчихдэг болж байна.
Хавдрын тусламж, үйлчилгээ үндсэндээ жигдрэх шатандаа орчихлоо.

- Танай эмнэлгийн амбулатор нэлээн ачаалалтай байдаг. Харин сүүлийн үед эрс багассан гэх юм. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын сүүлээр манай эмнэлгийн амбулаторын ачаалалтай танилцаад явсан. Өглөөнөөс хойш иргэдийг дугаарлаж, хүлээлгэдэг энэ асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон. Тухайн үед мөн багш нарын урьдчилан сэргийлэх үзлэг давхцсан байсан учраас нэлээн ачаалал өндөр байсан. Тиймээс бид өөрсдийн эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 360312 дугаарын утасныхаа зохион байгуулалтыг сайжруулсан. Мөн есдүгээр сарын 01-ээс цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвд өөрийн хоёр мэргэжилтнээ байрлуулан ажлуулж, тус төвийн 1800-0119 дугаараар давхар цаг өгч эхэлсэн. Энэхүү цаг захиалгын нэгдсэн төвөөр нийслэлийн 9 дүүрэг, төрөлжсөн төвийн 9 эмнэлэгт үзүүлэх амбулаторын цагаа захиалдаг.

Дуудлагын утсаар дамжуулан цахимаар цаг өгдөг болсноор манай эмнэлэг өглөөд 200 гаруй хүн амбулаториор үйлчлүүлэх гээд хүлээж байдаг байсан бол одоо захиалсан цагтаа бүртгэлээ баталгаажуулах гээд 10 гаруй хүн л байдаг болсон. Ачаалал эрс багасч, хүлээгдэл тэр хэмжээгээр буурсан.

Иргэд ажлаа зөв төлөвлөж, захиалсан цагтаа ирж үйлчлүүлэх нь чухал. Удахгүй бид цахимаар хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээ авах гээд бэлтгэл ажил хангаад явж байна.

-Улс орон даяар дархлаажуулалтын аян явагдаж байна. Танай дүүргийн хувьд вакцинжуулалтын явц хэр явж байна вэ?   

-Манай дүүрэгт эхний ээлжинд 55 мянган тун вакцин ирсэн. Бид зорилтот бүлгээ хамруулаад дуусч байна. Монгол Улсын Засгийн газраас энэ жил цар тахлын үе, улирлын томуу, томуу төст өвний үетэй давхцаж байгаа учраас дархлаажуулалтыг нэлээн өргөн хүрээнд хийж байна. Улс орон даяар дархлаажуулалтын 10 хоногийн аян дуусах шатандаа явж байна. Манай Баянгол дүүргийн хувьд бүх сургууль, цэцэрлэгээ бүрэн хамруулаад дууссан. Бид өнгөрсөн хавар бүх өрхийн эмнэлгүүдээ вакцинатор сувилагчтай болгосон. Үүний үр дүнд энэ жил сургууль, цэцэрлэгээрээ манай өрхийн эмч нар яваад вакцинаа хийчиж байгаа. Ингээд цэгцлээд өгсөн учраас зохион байгуулалт тал дээр асуудал үүсээгүй.

-Танай төв хүүхдийн тусламж, үйлчилгээн дээр хэр анхаарч байна вэ. Орны хүрэлцээ хэр байгаа вэ?

-ЭХЭМҮТ-ийн ачааллыг хуваалцах, хүүхдийн тусламж үйлчилгээгээ сайжруулах үүднээс ЭХЭМҮТ-ээс нэг эмч, хоёр сувилагч ирж ажлын байрны чадвахжуулах сургалтыг өгч байна. Энэхүү чадвахжуулах сургалт нь хүүхдийн амьсгалын замын цочмог өвлөл, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний чиглэлээр явагдаж байна. Мөн бид нярайн тасгаа таван ортойгоор нээгээд эмч, сувилагчаа бэлдээд явж байна. Манай хүүхдийн эмнэлэг 140 ортой, нэмэлтээр ахмадын эмнэлэгт 60 ор нээдэг. Ингээд нийлээд хүүхдийн 200 орыг бэлэн байдалд байлгадаг. Одоогоор 100 гаруй хүүхэд хэтэн эмчлүүлж байна.

-Ирэх сараас танай эмнэлэг гэмтлийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг болно. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

-Бид Эрүүл мэндийн Сайдаас яаралтай болон эрчимт эмчилгээний тасгаа өргөтгөх тал дээр дэмжлэг хүсээд саналаа тавьсан байгаа. Одоо манай яаралтай түргэн тусламжийн тасгийн дөрвөн орыг 10 болгох, эрчимт эмчилгээний тасгийнхаа зургаан орыг мөн 10 болгохыг зорьж байна. Хүүхдийн Эрчимт эмчилгээ тасаг  гурван ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс бид төрөлжсөн төв эмнэлгүүдийн ачааллыг хуваалцахын зэрэгцээ хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Дээр хэлсэн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр манай эмнэлэг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлдэг болох гээд хичээн ажиллаж байна. ГССҮТ-өөс мэргэжил, арга зүйн дэмжлэг аваад явж байна. Түүнчлэн төв дээр боломжит мэс заслаа хийгээд явж байна.
 


-Танай төв сая сүүлд урологийн буюу бөөр, шээсний замын мэс заслыг хийдэг болсон гэсэн. Нийт хэдэн төрлийн мэс заслыг өөр дээрээ хийж байгаа вэ?

-Баянгол дүүрэг 223 мянган хүн амтай. Бид дүүргийнхээ хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Анхан шатны 22 өрхийн эмнэлэгтэй. Бид дотооддоо зөв зохион байгуулалт хийх, тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр нэлээн анхаарсан. Манай ерөнхий мэс заслын тасгийн баг их чадварлаг хамт олон байдаг. Манай залуучууд сая л гэхэд 12 нугалаа гэдэс тайрах мэс заслыг амжилттай хийлээ. Ерөнхий мэс заслын тасаг 10 –аад эмчтэй, гадаадад сурч төгсөөд ирсэн залуучууд ч байна. Бид өнгөрсөн долдугаар сарын 01-ээс дүүргийнхээ яаралтай тусламжийг аваад эхэлсэн. БГД-ийн ЭМТөв дээрээ мэс засал хийлгэх бүх үйлчилгээгээ авч байна. Манайх дурангийн бүх төрлийн мэс заслыг хийдэг. Одоо бид Эрэгтэйчүүдийн кабинет нээж байна. Сарын өмнөөс УНТЭ-тэй хамтран Урологийн буюу бөөр, шээсний замын мэс заслыг хийж байна. Одоо чих, хамар хоолойн мэс заслыг УНТЭ-тэй хамтран хийж байна. Одоо бидэнд нүдний мэс засал хийх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр УНТЭ дээр өөрийн эмчээ сургаж байна. Түүнчлэн УГТЭ-ээс эмч нарын баг ирж, ажлын байрны чадвахжуулах сургалтыг давхар хийж байгаа. Дүгнээд хэлэхэд манай ерөнхий мэс заслын тасагт 20 гаруй төрлийн мэс засал хийгдэж байна.
Бид төрөлжсөн төв дөрвөн эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний дэмжлэг аваад явж байна.

-Ирэх сараас танайд хүүхдийн мэс засал мөн шинээр хийгддэг болно гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?  

- Сүүлийн нэг жилд бид бүдүүн шулуун гэдэсний, бөөр шээсний замын, судасны, гэмтлийн зэрэг мэс заслуудыг нэвтрүүлж, төлөвлөгөөт болон яаралтайгаар хийж байна. Бид ирэх сараас хүүхдийн мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид өөрсдийн бололцооныхоо хэрээр хийхээр төлөвлөж байна. Хүүхдийн эвэрхий зэрэг бололцоотой мэс заслаа хийж эхэлнэ. Сүүлийн үед хүүхдийн хатиг, буглаа эрс ихэссэн. Хүүхдийн мэс заслыг заавал хүүхдийн мэргэжлийн унтуулгын эмч, мэс засалч хийдэг.  Хүүхдэд зориулсан баг ажиллана. ЭХЭМҮТ-ээс зөвлөх эмч авч ажиллана. Манай ерөнхий мэс заслын тасаг олон төрлийн мэс засал хийдэг болсон учраас үйлчлүүлэгчийн тоо ч нэлээдгүй өссөн.
Өнгөрсөн жил 300-350 мэс засал хийгдэж байсан бол энэ оны есөн сарын байдлаар 500-аад мэс засал хийгдчихсэн байна.

Ард, иргэддээ илүү тусламж, үйлчилгээгээ үзүүлэхийн тулд шинэ мэс заслуудаа нэвтрүүлэх, нутагшуулах тал дээр анхаарч байна. 2021 ондоо багтаагаад нарийн мэргэжлээр эмч нараа мэргэшүүлээд цээжний хөндийн мэс заслыг хийх бодолтой, төлөвлөгөөндөө оруулчихаад байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан

Огноо:

,

Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?

-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?

-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард  өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.

Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.

-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?

-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.

-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.

-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын  намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.

Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн  төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

Огноо:

,

-Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов-

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тоог нэмээд зогсохгүй хариуцлагыг эзэнгүйдүүлж байгаа талаар хэлэлцэж бүх яамдад бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж давхардсан орон тоог цомхотгох чиглэл өгсөн. 

Мөн төрийн зарим үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, төрийн оролцоог багасгах, цахимжуулалтыг тууштай нэвтрүүлж, иргэдэд үйлчилдэг төрийн алба бий болгохыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газрын тогтоол гарч  "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д 2025 оны зургадугаар сарын 02-ны өдөр осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан гэдгийг танилцууллаа.

Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна. 

“Эрчим хүчний үндэсний хороо, Үндэсний зөвлөл, яам, агентлагууд нэг удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаар станцын ослын нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаж байгаа. Гэсэн ч салбарын удирдлагын тогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төслийн явц тасалдаж байгааг Ерөнхий сайд хэлээд нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг яамны удирдлагуудад анхаарууллаа. 

"Дулааны цахилгаан станц-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх  эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байж, улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм ч учраас тус яаманд өнөөдөр ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байгаагаа Ерөнхий сайд онцлов. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд эрчим хүчний салбарт Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, ДЦС-5, Бөөрөлжүүтийн хоёрдахь шатны цахилгаан станцын төсөл, Тосонцэнгэл,  Сүхбаатар, Даланзадгадын дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Огноо:

,

Ардчилсан нам Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тайлбар авлаа. Тэрбээр "МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Найман жил Монгол Улсыг унтуулсан.

Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.

 
Нэгдүгээрт: АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан.
 
Хоёрдугаарт: АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэж яриад байгаа юм.
 
Гуравдугаарт: Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас авхуулаад бүгд баахан тендерийн хулгай хийчихсэн.

Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.

Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр42 минутын өмнө

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-а...

Тод мэдээ47 минутын өмнө

Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН...

Тод мэдээ51 минутын өмнө

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг ...

Тод мэдээ1 цаг 23 минут

Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад н...

Тод мэдээ1 цаг 26 минут

Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив...

Тод мэдээ1 цаг 37 минут

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай...

Тод индэр1 цаг 39 минут

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчн...

Өнөөдөр1 цаг 47 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр3 цаг 28 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Өнөөдөр3 цаг 36 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/06/19

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ2025/06/19

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ2025/06/19

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ2025/06/19

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр2025/06/19

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/06/19

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ2025/06/19

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ2025/06/19

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр2025/06/19

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/19

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Санал болгох