Тод мэдээ
Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Иргэний хамгааллын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Агостино Горэтти, CIMA сангийн захирал Робэрто Рудари нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Бүгд Найрамдах Итали Улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан туршлага солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл болон ган, зуд, үер, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг гамшиг ослын үед хамтран ажиллах боломжуудын тухай санал солилцлоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Ази тивийн найман оронд хэрэгжүүлж байгаа “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадавхыг нэмэгдүүлэх нь” төсөл хөтөлбөрт ОБЕГ-ын албан хаагчид хамрагдаж буйд талархал дэвшүүлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета хоёр Улс Онцгой байдлын чиглэлээр илүү олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, Монгол Улсын Онцгой байдлын салбарын чадавх олон улсын түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байна. Манай хоёр орон худалдаа эдийн засаг, улс төр, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
Цаашид хоёр Улс шууд нислэгтэй болж иргэдийн харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэх, ноос ноолуурын экспортыг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулан Евро Азийн зах зээлд гарах, бараа эргэлтийг нэмэгдүүлж экспорт, импортыг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи инноваци нэвтрүүлэн хамтран ажиллах тухай өргөн хүрээнд талууд санал солилцлоо.
Тод мэдээ
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүллээ
Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилготой “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд нийт 60 гаруй га талбайд 5000 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн 110 айлын 4 блок бүхий орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулж, оршин суугчдыг хүлээн авч эхэллээ. Төслийн онцлох давуу тал нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй юм. Мөн саарал усыг дахин ашиглах системийг тусгаснаараа хотын хэмжээнд анхдагч, жишиг төслийн нэг болж байна.
Төслийн барилга бүр онцлогтой. Тухайлбал, А блок нь гурван улирлын хүлэмжтэй. Айл өрхүүд гэртээ ногоо, ургамал тарих боломжтой. В блокийн урд фасадад нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Харин С блок нь нарны дулаан хуримтлуулах тромбын ханатай учир дулаан алдагдлыг багасгасан. D блокийн фасадад байгальд ээлтэй, эко өнгөлгөөний материал ашиглажээ. Мөн оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс чөлөөт цагийн бүс, ногоон байгууламж, дугуйн зам зэрэг шийдлүүдийг төлөвлөн байгуулсан байна. Түүнчлэн дээрх стандартын адил Шархад дэд төвд эхний 110 айлын 4 блок орон сууц баригдаж, улсын комисс хүлээн авч байна.
Төсөл бүрэн хэрэгжиж 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, ус хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээ нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, жишиг орон сууцны хороолол бий болно. Ингэснээр нийслэлд 5000 яндан, 5000 нүхэн жорлон устаж, агаар, хөрсний бохирдол буурах судалгаа гарчээ.

Тод мэдээ
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо. Энэ үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах бүрэн боломжтой боллоо.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа.
Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 21 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг бууруулах чухал алхам юм.
Тод мэдээ
Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сэржо Маттарэлла нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хамтын хүчин чармайлтын дүнд харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын үеэр найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэсэн нь харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт харилцан ашигтай хамтрахын төлөө байгаагаа нотоллоо.
Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улс аливаа хурцадмал асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болно гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсад төрийн айлчлал хийх Ерөнхийлөгчийн урилгыг Сэржо Маттарэлла хүлээн авч, 2026 онд хариу айлчилна гэдгээ нотоллоо.
Монгол, Итали Улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон. Манай улс 2011 онд Ром хотноо, Итали Улс 2016 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
-
Тод мэдээ2023/05/22
НОБГ: Гурван иргэний аюулгүй байдлыг ханган, 581 сая төгрөгийн өмч хөрөнгийг авр...
-
Өнөөдөр2023/03/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
-
Тод мэдээ2021/02/01
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэллээ
-
Өнөөдөр2022/05/16
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
