Тод мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээнэ
Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолборын урд талд кемп байгуулах байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Тодруулбал, Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд 132 нэгж талбар өртөж буй.
Өнөөдрийн байдлаар 26 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Энэ нь Монгол Улсад огт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт бөгөөд ирэх 3 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Эхний ээлжид гүүр, хоолой, далангийн ажлыг эхлүүлнэ. Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Карьер, хайрга, дайргын ажил дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байгаа. Он гараад ажиллах хүчнийхэн орж ирнэ. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл хамгийн багадаа 15 хувиар буурна гэдгийг инженерүүд тооцоолсон байгаа. Үүнээс гадна Туулын хурдны замын тодорхой байршилд иргэн ААН-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газар үнэ цэнд орно. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна” гэлээ.
Мөн Нэгдүгээр тойрог замын тендерийг ирэх даваа гарагт нээх товтой ажиллаж байсан ч тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу хугацааг сунгахаар болж байна. Тиймээс өнөөдөр үнэлгээний хороо хуралдаж, хугацааг сунгахаар болж байгаа талаар тэрбээр хэлсэн юм.



Тод мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 10-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна...
Хур тунадас: 12 дугаар сарын 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 05-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12 дугаар сарын 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 03-наас баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 03-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 22-27 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Тод мэдээ
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой юм.
Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага байна. Үүний дийлэнх нь төрийн байгууллагууд байгаа. Тухайлбал, үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг. Тиймээс ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Улаанбаатар хотод дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3 дугаар цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ” гэлээ.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.
Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.
Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.
