Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болох юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.
Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж, аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум зохионо.
Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди албан ёсны, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлал хийж байсан.
Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
Тод мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 10-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна...
Хур тунадас: 12 дугаар сарын 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 05-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12 дугаар сарын 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 03-наас баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 03-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 22-27 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Тод мэдээ
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой юм.
Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага байна. Үүний дийлэнх нь төрийн байгууллагууд байгаа. Тухайлбал, үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг. Тиймээс ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Улаанбаатар хотод дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3 дугаар цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ” гэлээ.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.
Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.
Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.
-
Тод мэдээ2024/06/06
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байрлах авто угаалгын газрыг буулгалаа
-
Тод мэдээ2021/05/04
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна
-
Тод мэдээ2025/05/13
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
-
Тод мэдээ2020/07/20
Шалган нэвтрүүлэх товчооноос гадна 6 цэгт хяналтын пост ажиллаж байна
