Тод мэдээ
Г.Занданшатар: Тооцоо судалгаа, үндэслэлтэй, ард иргэдийн саналд нийцсэн шийдвэр гаргана

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар 2023 оны тавдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, саналыг нь авлаа.
Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгасан. Энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, олон улсын жишээ, чиг хандлага зэргийг уулзалтын эхэнд товч танилцуулсан. Уулзалтад оролцсон иргэд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Мөн улс орны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дунд болон урт хугацааны суурь эрх зүйн шинэчлэлийг хийх зорилгоор Улсын Их Хурлаас зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд гурван бүлэг бүхий нийт 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглалын реформын шинжтэй тус бүр 3 багц хууль болон төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилах цогц арга хэмжээний төслүүд үүнд багтаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн хамгийн их анхаарал хандуулж буй авлига, шударга бус байдалтай тэмцэх асуудлын хүрээнд хэд хэдэн хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн талаар онцолсон. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль батлагдаад байгаа бол Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиуд хэлэлцэгдэж эхлээд байгаа. Мөн Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталснаар энэ хаврын чуулган бүхэлдээ Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган болно гэдгийг тэрээр тодотгосон юм.
Иргэдээс үнийн өсөлт, амжиргааг дээшлүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас бариж буй бодлого, авч буй арга хэмжээний талаар тодруулж асуулт тавьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар болон уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд эдгээр асуудлаар тодорхой мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2020/11/06
У.Хүрэлсүх: Агаарын тээвэрлэгч компаниудыг боломжтой бүх хэлбэрээр дэмжинэ
-
Тод мэдээ2022/05/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт
-
Өнөөдөр2024/10/30
Ховд аймгийн Мянгад суманд газар хөдөллөө
-
Тод индэр2023/06/26
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно