Тод мэдээ
У.Хүрэлсүх: Агаарын тээвэрлэгч компаниудыг боломжтой бүх хэлбэрээр дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллалаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа Ерөнхий сайдад танилцууллаа. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал иргэний нисэхийн салбарт хүндрэл учруулж байна.
Сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байсан үзүүлэлтүүд энэ онд 50-иас дээш хувиар буурчээ. Тухайлбал өнгөрөлтийн нислэг 54, хөөрөлт, буулт 63, зорчигч, ачаа, шуудан 63 хувиар буурсан байна. Ингэснээр 2010-2019 онд өсөлттэй байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын орлого 48, агаарын тээвэрлэгч компаниудын борлуулалтын орлого 67 хувиар буурчээ. Өнгөрсөн онд нэг сая 600 гаруй мянган хүн агаарын тээврээр үйлчлүүлж байсан бол энэ онд 460 мянга болсон байна.
“МИАТ” компанийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Д.Баттөр товч танилцуулав. Компани энэ оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Алдагдлаа багасгахын тулд тусгай үүргийн нислэгээс гадна карго нислэг үйлдэх, дотоодын аялал зохиох, MAX агаарын хөлгийг газарт ашиглах зэргээр ажиллаж байна. Хэдийгээр зээлийн эргэн төлөлтөө аль болох хойшлуулж, хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа бууруулж байгаа ч байдал хэвээр үргэлжилвэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсчээ.
“Хүннү Эйр” компанийн захирал П.Мөнхжаргал дотоодын нислэг, нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-гүй болговол тасалбарын үнэ 8-10 хувиар буурах боломжтойг хэлэв. Цаашид шатахуун, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Хөгжлийн банкнаас таваас доошгүй жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох, эргэлтийн хөрөнгөөр дэмжихэд анхаарахыг хүслээ.
Агаарын тээвэрлэгч компаниудын хүссэн хэмжээгээр санхүүжилт өгч чадахгүй ч боломжтой бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Хэдийгээр агаарын тээвэрлэгч компаниуд санхүүгийн хүндрэлтэй байгаа ч нислэгийн үнэ, тарифаа нэмж иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэхгүй байхад анхаарахыг захилаа.
Цаашид шинэ нисэх буудалд шилжих бэлтгэлээ сайтар хангахаас гадна тэнд ажиллах хүмүүс, суурьших иргэдэд шаардлагатай орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарахыг салбарын сайдад үүрэг болгов. Иргэний нисэхийн салбарт сахилга, хариуцлагыг дээд зэргээр мөрддөг байх ёстойг сануулав.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС