Тод мэдээ
УИХ-ын Тамгын газар, байнгын хороодын ахлах зөвлөх, зөвлөхүүдэд зориулсан Жендэрийн сургалт боллоо

УИХ-ын Тамгын газар, “Шийдвэр гаргах түвшинд Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь“ төслийн багтай хамтран Улсын Их Хурлын Тамгын газар, байнгын хороодын ахлах зөвлөх, зөвлөхүүдэд зориулсан Жендэрийн сургалтыг амралтын өдөр ( 2023.04.23) зохион байгууллаа.
Шийдвэр гаргах үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдол, нийгмийн бүлгийн төлөөллийг тэгш хамруулахын ач холбогдол, жендэрийн талаарх шинэ ойлголт, хандлагын талаар танилцуулга мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр сургалтыг зохион явуулсан. “Шийдвэр гаргах түвшинд Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь“ төслийн сургагч багш нар “Ойлголтоо нэгтгэх нь”, “Хөгжлийн шалгуур үзүүлэлт “, “Бидний шийдвэр, түүний үр нөлөө”, “Шилжилтийг дэмжих жендэрийн хандлага”, “Бодлогын баримт бичигт жендэрийн үзэл баримтлалыг тусгах нь” зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулж, оролцогчид энэ талын мэдлэг, мэдээлэл, ур чадвараа нэмэгдүүллээ. Авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах зэрэг асуудлууд хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа нь Жендэрийн тэгш байдлыг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Жендэрийн тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Дэлхий даяар жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн хоёр нэр томьёо хэрэглэж байна. Нэг талаас хамааралтай, нөгөө талаас тусдаа ойлголт. Жендэрийн тэш байдал нь хүйсийн аль алиных нь ижил төлөөлөл, оролцоог хангах тухай асуудал юм гэдгийг тодотгож байв. Харин дэлхий даяар жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэднийг хүчирхэгжүүлэх ёстой гэж үздэг. Тийм ч учраас дэлхий дахинд Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлж дуусгаад 2015-2030 оны хооронд дахин 15 жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтын тухай ярьж байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын донор байгууллагууд хөгжлийн туслалцаа үзүүлэхдээ нэг асуудлыг онцгойлон анхаардаг нь Жендэрийн тэгш байдлыг хангах. Өөрөөр хэлбэл дэлхий даяар жендэрийн тэгш байдлыг хөгжлийн нэг шалгуур үзүүлэлт болгон авч үзэж байна. Авлигатай тэмцье гэвэл шийдвэр гаргаж байгаа бүтцийг өөрчлөх ёстой. 2030 он гэхэд Монгол улс Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн амлалтдаа хүрч, хөгжилд хүрье гэвэл хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Тодруулбал, Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувиас доошгүйд хүргэх зорилт дэвшүүлжээ. Харин дэлхийн улс орнууд 50:50 болгох зорилт тавьж байгаа аж.
Олон улсын парламентын холбооны гаргасан мэдээллээр Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны төлөөллөөр манай улс Олон улсын хэмжээнд 134-т эрэмбэлэгдэж байна. Хэрэв манай улс парламентад 25 хувийн төлөөлөлтэй болсон тохиолдолд Монгол Улс 96-р байранд, 30 хувийн төлөөлөлтэй болсон тохиолдолд дэлхийд 65-д, 35 хувийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй болбол 37-д гэхчлэн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо маш хурдтай өсөн нэмэгдэх тооцоолол байна гэх зэрэг өргөн агуулгаар сургалт үргэлжилж, үр дүнтэй болж өнгөрлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Тод мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тод мэдээ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.