Дэлхий нийтээр..
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ
Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн.” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь улсын төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцад ил тод, хариуцлагатай байх зарчмыг хангаж, олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдийн оролцоог бодит болгох ач холбогдолтой юм.
Тиймээс энэ намраас эхлэн Монгол Улсын төсвийн төслийг Улсын Их Хурал таван үе шаттай хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, нэгт, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлж болно.
Хоёрт, УИХ-ын Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, УИХ төсвийн төсөл, холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулна. Гуравт, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. Төсвийн байнгын хороо тухайн байнгын хорооны гишүүд, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулна. Нэгдсэн хуралдаанд санал тус бүрээр санал хураалт явуулна.
Дөрөвт, шаардлагатай бол хөрөнгө оруулалтын төсөл, apra хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийж, нэгдсэн хуралдаанд оруулна.
Тавд, нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр санал хураалт явуулж, батлуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2023/12/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2025/09/04
Шимтгэлийн өрийг барагдуулан, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно
-
Дэлхий нийтээр..2024/11/05
Ажлын хэсэг ялгаварлан гадуурхсан үйл явдлын талаарх мэдээллийг хүлээн авч байна...
-
Дэлхий нийтээр..2023/12/01
Пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр уушгины хатгалгаа 40 хувиар буурчээ
