Тод мэдээ
ЭМДЕГ: 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах боломжтой боллоо

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг түшиглэн 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Мongolia”-аас харах нөхцөл бололцоог бүрдүүллээ.
Улмаар эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 13А маягтыг цахимаар илгээж эхлэх бөгөөд цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байна.
Эрүүл мэндийн сайдын А/813 дугаарт тушаалд заасны дагуу дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй шууд очиж болно. Үүнд:
- Яаралтай тусламж
- Гэмтлийн тусламж, үйлчилгээ
- Мэс заслын тусламж, үйлчилгээ
- Нүдний өвчний тусламж, үйлчилгээ
- Чих, хамар хоолойн өвчний тусламж, үйлчилгээ
- Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
- Шүдний тусламж, үйлчилгээ
- Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ
- Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ
- Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ
- Гемодиализын тусламж, үйлчилгээ
- Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ.
Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах юм. Тус цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу.
ИРГЭДИЙН ХУВЬД:
Та дээрх жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчийн зүгээс лавлагаа шатлалын эмчээс тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 13А маягтыг цахимаар үүсгүүлэх бөгөөд 13А маягт үүссэн эсэхийг өөрийн гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан “E-Mongolia”-д нэвтэрч шалгахаас гадна, шууд татаж авах боломжтой. Ингэснээр та цаг алдах, хаяж гээх, үрэгдүүлэх зэрэг эрсдэлгүй болох юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХУВЬД:
Цахим 13А маягтын хувьд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өрх, сумын эрүүл мэндийн төвөөс бичигдэж эхлэх тул тус өдрөөс өмнө цаасан хэлбэрээр бичигдсэн 13А маягтыг хуучин журмын дагуу авч үйлчилнэ. Харин цаасан маягттай учир дахин цахим 13А маягт авчрах, дахин цаг авахыг шаардах зэргээр иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарна уу.
Нийт эмч нарын хувьд цахим 13А маягтыг ашиглахдаа буюу цахимаар илгээх, түүнийг хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дараах дарааллыг баримтална.
1. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч өөрийн нэвтрэх эрхээр health.gov.mn нэвтэрнэ.
2. Өвчтөн шилжүүлэх хэсгийг сонгох
3. Бүртгэлийн мэдээлэл, илгээх хэсэг болон хийгдсэн оношилгоо, шинжилгээг бүрэн гүйцэт бөглөж илгээх товч дарна. Үүний дараагаар нийт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шууд мэдээлэл очно.
4. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нь өөрийн ашигладаг цахим системд ороод өвчтөн шилжүүлэх цэсэнд нэвтэрч иргэний регистрын дугаарыг оруулснаар хаанаас, ямар өвчний улмаас, ямар шалтгаанаар илгээсэн, хийгдсэн оношилгоо, шинжилгээний мэдээлэл, эмчийн дүгнэлт, зөвлөмж зэрэг мэдээлэлтэй танилцаж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2023/11/24
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг х...
-
Тод мэдээ2023/07/03
Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон шатахуунтай тракторыг гаргалаа
-
Тод индэр2023/05/05
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэ...
-
Тод зураг2019/09/13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь