Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилтыг тунхагласнаас хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан байдаг.
Ард түмэн энэхүү эрхээ бодитоор эдэлж байна уу? Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн асуултуудыг 30 жилийн заагт иргэд асууж байна. Эдгээр асуултын хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна.
Тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа, авлига хээл хахууль, мөнгөнөөс хэт хамааралтай сонгууль, тогтворгүй засаглал, аливаа асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, бодит үнэнээс зугтаж ирсэн улс төрийн соёл зэрэг нь төлөөлдөггүй төлөөлөл хэмээх ойлголтыг гүнзгийрүүлж, сонгосон төлөөллөөс өөр төлөөлөл нийгмийг удирдан чиглүүлэх шинэ үзэгдэл үүсэж болзошгүй байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал хүчин зүйлс ч улс орнуудын тэрдундаа хөгжиж буй улс орнуудын засаглал, хөгжлийн чиг хандлага, аюулгүй байдалд томоохон сорилтыг учруулж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үндэслэл, гадаад дотоод нөхцөл байдлын талаар гурван зүйлийг товч дурдъя.
Нэгдүгээрт. Геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий
Эх дэлхийн нөөц хомсдож, хүн төрөлхтөнд хүнсний хомсдол, байгаль цаг уурын дулаарал, цар тахал, байгалийн гамшигт үзэгдлийн олон сорилт тулгарсаар байна. Судлаачид дэлхий ертөнц цар тахлын өмнөх үедээ улс төр, нийгэм, соёл, амьдралын хэв маягийн хувьд дахин очих боломжгүйг онцолж байна.
Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, дайн үүсэх бодитой эрсдэл бий боллоо. Дэлхий дахин зэрэгцсэн өөр өөр үнэт зүйл, хүчний харьцаанд хуваагдаж, олон туйлт шинэ дэг журам үйлчлэх сорилттой нүүр тулж байна. Геополитикийн энэхүү нөхцөл байдал багадаа 10-15 жил, цаашлаад 50 болон түүнээс жил үргэлжлэх төлөвтэй байна.
Далайн шуурга дэгдэхэд далай, хад хоёр мөргөлдөж байна гэж харагддаг боловч шуурга намдахад аль аль нь хэвээр байдаг. Харин далайн амьтад л хад мөргөж эрсэдсэн байдаг. Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнд хөгжиж буй улс орнууд л хамгийн их хохирол амсдаг хэмээн хэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн үгийг бид сайтар тунгаах учиртай.
Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хамгаалж, хөрвөх чадвартайгаар хөгжиж чадах эсэх нь энэ цаг үеийн Та биднээс ихээхэн ур ухаан, улс төрийн манлайлал шаардаж байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн Улсын Их Хурлын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно хэмээн үзэж байна.
Хоёр. Нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах
1992 онд Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүний тоо 75-200 хүртэл олон хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай ярилцаж байсан түүхэн баримтууд үлджээ. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм.
1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна.
Улсын Их Хурлын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа.
Эргэх ертөнц арга билигт оршдог, эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг Нутаг дэвсгэрийн төлөөлөл, Нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зөв бөгөөд бодитоор тодорхойлогдоно.
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг хэмээн үзэж байна. Бид ганцаар хурдан явахаас илүүтэйгээр олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн бусад улсуудтай хөгжлөөр өрсөлдөхийг илүүд үзнэ.
Гуравдугаарт. Эдийн засгийн их үсрэлт
Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөн. Дэлхийн их гүрнүүд их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааны бодолтоор хөгжлийн бодлого, загвараа урт хугацаанд тодорхойлж байна.
Бид шатрын их мастеруудтай, пеонер мадын нүүдлээр өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой.
Тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биеээ хуурсаар 30 жилийг үдлээ.
Нийслэл хотод 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 225 км зам баригдсан боловч, дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар зам бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм.
Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүй.
Өнөөдөр миний бие өнгөрснийг шүүхийг хүсэхгүй байна. Харин өчигдрөөс илүү маргаашийн төлөө энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн үзэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын оргил үед -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрч, экспортын орлого 9.2 тэрбумаас 12.5 тэрбум ам.долларт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.5 их наядаас 52.9 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Улс орнуудын эрчимтэй хөгжлийн гараа нь нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.долларт хүрснээр эхэлж, иргэдийн амьдралын чанар бодитоор сайжирч, ардчиллын үнэт зүйл жинхэнэ утгаар бэхждэгийг “Азийн бар” улсууд болон бусад хөгжсөн улс орнуудын түүх нотолдог.
Энэ өөрчлөлт эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараа байх боломжтой. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэхүү төслийг боловсруулахдаа,
· 2000, 2011, 2015, 2017 онуудад өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналуудад тусгасан хүн амын өсөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний тоог тэнцүүлэх төсөл,
· Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
· Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол,
· “Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоол,
· “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ”-г тодорхойлж, үүнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол,
· Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга,
· Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд “сонгуулийн холимог систем бүхий олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих,” “сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах” тухай улс төрийн 21 намын хамтарсан уриалга, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын зөвшилцөлд тулгуурласныг онцлон тэмдэглэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
· Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
· Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
· Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
· Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
· Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна.
· Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
· Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
· Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газар улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын зөвшилцөл, судлаач эрдэмтдийн олон жилийн зөвлөмжид нийцүүлж, түүхэн цаг хугацааны өмнө эс үйлдэл хийхийг хүсээгүй учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна.
Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эрх гагцхүү Улсын Их Хуралд байгаа тул түмнээ төлөөлсөн төрийн эрхэм түшээд Та бүхний ирээдүйг харсан мэргэн ухаанд найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
