Дэлхий нийтээр..
“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй холбогдох албаныхан “Токио метро” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, менежментийн туршлагыг нь судаллаа.
Тус компанийн Олон улсын бизнесийн газрын захирал Макото Шимизү, Олон Улсын харилцааны дарга Казүхиро Хатанака нарын холбогдох хүмүүс компанийнхаа үйл ажиллагаа болон олон улсад хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулсан юм.

Токио хотын төв хэсэг буюу 15 км-ийн радиуст есөн сая, харин 50 км радиуст 32 сая гаруй хүн оршин суудаг. “Токио метро” ХК нь 1927 онд байгуулагдсан бөгөөд нийтийн тээвэр, төмөр замын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө есөн чиглэлд 195 км газарт метроны үйл ажиллагаа эрхэлдэг. Ковидоос өмнө өдөрт 7.5 сая хүнд үйлчилдэг байсан бол одоо 5.2 сая болж буурсан байна. Нийт 11 мянган ажилтантай бөгөөд компанийн 53.4 хувийг Японы Засгийн газар, үлдсэн 46.6 хувийг Токио хотын захиргаа эзэмшдэг.

Гэхдээ хөрөнгө оруулалт, зардлаа компани өөрөө хариуцаж, хувийн өмчит компани мэтээр үйл ажиллагаа явуулдаг тусгай өмчит байгууллага юм. Ирээдүйд IPO хийж, хувьчлагдахаар төлөвлөж буй. Мөн дан ганц метроны үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, зар сурталчилгаа гэх мэт олон чиглэлд үйл ажиллагаа явуулж, энэ нь орлогын 15 хувийг бүрдүүлдэг байна.

Түүнчлэн гадаадад ч үйл ажиллагаа явуулдаг төдийгүй байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор дамжуулж тухайн улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг. Үүнээс гадна боловсон хүчнийг чадавхжуулах, хөгжүүлэхэд анхаарал хандуулж, онлайн “Tokyo metro Academy”-г ажиллуулж байгаа гэнэ.
Мөн Вьетнамын Ханой хотод хэрэгжүүлсэн метроны төслийн талаар танилцуулав. Тус төсөл нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2013-2016 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжжээ. Вьетнамын зүгээс төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шинэ компани байгуулж, хамтран ажилласан бөгөөд анх тооцоолж байснаас илүү өгөөжтэй төсөл болжээ. Төсөл 2016 онд дууссан ч нэмж хоёр чиглэл 2021 онд нээсэн. Өдгөө өдөрт 30 мянган зорчигч тээвэрлэдэг гэнэ.

Нийслэлийн зүгээс зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/10/28
Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэл...
-
Үйл явдал2020/09/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Хэн юу хэлэв...2022/01/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим...
-
Дэлхий нийтээр..2021/04/01
ЗГ: Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн...
