Дэлхий нийтээр..
Монгол-Беларусийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд найрамдах Беларусь улсын үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевич нар өнөөдөр (2022.02.15) парламентын бүлэг хоорондын 2023 оны анхны уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж болон бусад албаны төлөөлөл байлцав.
Уулзалт Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог. Талууд хоёр улсын парламентын зүгээс өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой урагшлуулахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд голлон анхаарч буй чиглэлийн талаар мэдээлэл солилцсон юм.
Хоёр улс нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд тэмдэглээд цар тахлын үеэр Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж, анхны суурин суух Элчин сайд томилогдон ажиллаж байгаа нь Монгол Улс Беларусь Улстай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж онцлов.
Мөн тэрбээр хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон боловч удаашралтай байгаа дараах асуудлыг хоёр тал анхааралдаа авч, ажил хэрэг болгох хүсэлтийг уламжиллаа. Үүнд:
- Белаз, ГМЗ/Гродненский механический завод/ зэрэг том оврын ачааны автомашины дистрибьютер байгуулж, албан ёсны засвар, механик, сэлбэг үйлчилгээний төв байгуулах ажлыг хэрэгжүүлэх,
- Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд усалгаатай тариалангийн дэргэд байгуулагдах үнээний фермийг түшиглэсэн “Беларусь” тракторын механикжсан автобааз байгуулах,
- Улаанбаатар хотод ачааны вагон угсардаг үйлдвэр байгуулах,
- Соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
- Оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх,
- Эдийн засгийн форум хоёр талдаа харилцан зохион байгуулах,
- Хоёр орны урлагийн мастеруудын тоглолтыг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.
Бүгд найрамдах Беларусь улсын үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевич хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хөдөө аж ахуй, боловсрол, нийтийн тээвэр, онцгой байдал, зам тээвэр зэрэг олон салбарт амжилттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Уулзалтаар хоёр тал хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэх, бүлгүүд болон Парламентын тэргүүн нарын харилцан айлчлалыг зохион байгуулах бэлтгэх ажлыг хангах зэрэг асуудалд санал нэгдлээ. УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд найрамдах Беларусь улсын үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевичийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2024/06/19
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Үйл явдал2023/02/06
Газрын багц хуулийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болно
-
Үйл явдал2023/12/01
“Web awards 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадам өнөөдөр...
-
Дэлхий нийтээр..2020/11/21
МУИС-ийн орон нутгийн харьяалалтай суралцагчдын анхааралд
